Урд хөршид ажиллаад ирсний дараахан нэг танилтайгаа хуучилж суутал, “Хятад ер нь авлигагүй орон байх аа” гэдэг юм. Түүнээс яагаад тэгж боддогийг нь асуутал, “Эхний хэдэн хүнийг буудчихаар авлига авах зоригтой хүн гарах уу” хэмээж билээ. 


Нэг. Авлигын гэмт хэрэг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хатуу хяналт тавьдаг гэгддэг өмнөд хөршид авлигын хэрэгт оноосон шүүхийн шийдвэрийг нийтэд дэлгэрэнгүй мэдээлдэг. Хэрэг үйлдсэн этгээдийн овог нэр, нас хүйс, яс үндэс, албан тушаал, ажлын туршлага, эрдмийн зэрэг цол, авлига, хээл хахуулийн тоо хэмжээ зэргийг төрийн томоохон хэвлэлүүд хүртэл ил тод нийтлэх нь бий. Тэдгээр мэдээллийг харахад авлигад авсан мөнгө төгрөг, эд зүйлийн хэмжээ маш өндөр, ямар ч хүн нэг амьсгаагаар цуглуулах боломжгүй нь илт харагддаг. Өөрсдийн иргэдийнх нь ярьдгаар бол өндөр дээд түвшний дарга нар насаараа хөдөлмөрлөсөн бизнесмэнүүдээс ч их хөрөнгө зоорьтой гэх. Ингэж бодохоор Хятад улсад авлигын гэмт хэрэг урт удаан хугацаанд үүрлээд байсан бололтой.

Авлига авсныг нэгэнт шүүхээс тогтоосон бол тухайн гэмтэн давж заалдах нь ховор. Учир нь олон жилийн хэвшсэн коммунист үзлийн үлгэр жишээ болж ухамсараараа хэргээ хүлээдэг ч биз.  Хамгийн гол нь тууштай мөрдлөг, хөдлөшгүй баримт сэлт нь авлигачдыг хаашаа ч бултах газаргүй болгодогт асуудлын хамаг зангилаа байна уу гэж дүгнэж болмоор. 

Хятад бол хоолны өргөн соёлтой улс. Хоолны ширээний ард хууль бус тохироо хийгддэг гэдэг. Намайг урд очихын өмнө ямар албан тушаал хашдагаас хамаарч урих хүн, засах ширээний тоо зэргийг нарийвчлан зааж өгсөн тогтоол батлагдсан. Түүний өмнө төсвийн мөнгөөр бусдыг хоолонд урих, бэлэг сэлт өгөх зэргийг хориглоод байсан юм.  

Барууны зарим судлаачид авлигачдыг авлах нэрээр өнөөгийн цагийн удирдагч Ши Жиньпин өөрийн өрсөлдөгчөө намнадаг хэмээдэг. Ямартай ч бурхан болтлоо тахигдсан нөхөр нэг л өдөр дээлээ толгой дээгүүрээ нөмөрдөг энэ цаг үед жижигхэн хошуу ноёноосоо эхлээд ихээхэн эрх мэдэл бүхий улстөрч хүртлээ шат шатандаа нэлээдгүй айдас түгшүүртэй байдаг юм болов уу гэж харж байлаа. 


Хоёр. Албан тушаалын гэмт хэрэг. Өмнөд хөрш 1 тэрбум 400 сая хүн амтай. Хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөөн их. Тиймээс зарим хятад ээж аав нар хоёр хүүхэд төрүүлж өсгөх төрийнхөө шийдвэрт тоомжиргүй хандах нь цөөнгүй. Учир нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй тэр олон хүн ам дотор хүүхэд өсгөнө гэдэг маш өндөр зардалтай ажил. Нэгэнт хүүхэд төрсөн бол төгс төгөлдөр хүнийг бүтээхийн төлөө хятад эцэг эхчүүд өөрийн бүхий л нөөц боломж, хүч чадал, мөнгө санхүү, цаг заваа зарцуулдаг. Гэвч хүн бүрд төгс төгөлдөр бие хүнийг бүтээх боломж бий бил үү. 

Цагаан сараар болдог хүнэн нүүдлийг сана даа. Тэрхүү нүүдэл нь хятад хүн өөрийн өссөн төрсөн нутаг орноосоо хичнээн алс зайтай амьдарч, ажил төрлийн захтай золгодгийг харуулдаг үзүүлэлт юм. Хэрэв та санаж байгаа бол хичээл тарахаар тэдгээр ажилчдын хүүхдүүд аав ээж дээрээ очиж, үйлдвэрлэлийн байран дээр нь өдөр хоногийг хэрхэн аз жаргалтай өнгөрүүлж буйг харуулсан гэрэл зураг манай улсын сонин хэвлэлийн булан, цахим орон зайд нийтлэгдсэн байхыг олж харж байсан л байлгүй. 

Энэхүү асуудал тун саяхныг хүртэл тус улсын нийгэм дэх анхаарал татсан асуудлуудын нэг болж хувирсан байна. Яагаад гэвэл тэдгээр эцэг эхчүүд хүүхдээ өвөө эмээ, ах дүү, зарим тохиолдолд найз нөхөддөө үлдээдэг ч өнөөх тавиул хүүхэд эзэнгүйдэж, хэсүүл тэнүүл болохдоо тулж байсан тохиолдол гарч байжээ. Тиймээс улсаас эцэг эх нь хаа ажил төрөл эрхэлж байна, тэр бүс нутгийн сургууль тухайн хүүхдийг тойрог харгалзалгүй хүлээн авах шийдвэр гаргаж. Мөн тэдгээр ажиллах хүчинд зориулсан байр сууц барьж, хөнгөлөлттэй нөхцөл санал болгосон ч уг ажлыг хариуцаж байсан албан тушаалтнууд энэхүү боломжийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж, хямд өртөгтэй орон сууцанд өөрсдөө болон ах дүү, танил тал, найз нөхөдөө суулгаж, хувийн мэдлийн орон сууцаа цааш нь түрээслүүлэх замаар бусдын боломжийг хулгайлах болсон байна. Эгэл жирийн иргэддээ хандуулсан эл нөхцлийг буруугаар ашигласан дарга нарын бусармаг үйлдэл хуулийнхны хараанаас мултраагүй гэсэн. 


Гурав. Хар бүлэг. “Урд амьдрахад хэр вэ”. Намайг буцаж ирснээс хойш хамгийн олон асуусан асуулт энэ байх. Ямар ч байсан намайг тэнд байх хугацаанд эмэгтэй хүн гэдэг утгаар нь айлган сүрдүүлсэн, өдөж хоргоосон, дээрэмдэж тоносон асуудалтай би нэг ч удаа тулгарч байсангүй. Харин нэг удаа халаасны хулгайчтай таарсан байдаг юм. Азаар тэр үед би юу ч алдаагүй.

Хятад даяар гар утасны төлбөр тооцооны ухаалаг системийг нэвтрүүлсэн нь хуруу урттай нөхдүүдийг хийх ажилгүй болгосон гэдэг. Тэрхүү систем нь ямар ч хүн ашиглахад маш хялбар тул бэлэн мөнгө авч явдаг хүн гэж байхаа больсон. Иймд хулгайчдын ашиг орлого буурч, тэд нийгмээс шахагдаж эхэлсэн байна. Түүнээс гадна гудамж замын камержуулалт илтэд сайжирсан тул надтай таарсан хумстай залуу гэхэд камер зоогоогүй зам барилгын ажил хийж буй нарийн гудманд тааралдсан хэрэг.

Нэг удаа миний нэг танил ингэж ярив. Одоогоос 5-6 жилийн өмнө манай хотод гэгээн цагаан өдрөөр хутга шөвөг тулгаж хэн нэгний халаасан дахь тав арван юанийг ч үлдээлгүй сэгсэрчихдэг байсан. Одоо тийм үзэгдэл бараг арилсан. Нийгмийн хэв журмыг сахиулах үзэгдэл сайжирч байгаатай холбоотойгоор хүмүүс тайван амгалан болж, нийгэмдээ итгэх итгэл нэмэгдсэн хэмээн сонин болгон өгүүлж билээ.  Хэрэв хэн нэгэн бусдад мөнгө зээлдүүлж, зээлээ төлж чадахгүй байгаа тохиолдолд гэр орноор нь дарамталж, хуулиас давсан дарамт шахалт үзүүлсэн бол тэдгээр хүмүүсийг төр нь сүрхий “сургаж” байгаа гэх. 

Дотоодын хууль дүрмээс давсан энэ мэт үйл ажиллагаа явуулж буй бүлэг хүмүүсийг тэнд хар бүлэг гэдэг аж. Гэмт хэргийн ийм бүлэг өмнөд орон руугаа нэлээд зохион байгуулалтад орж газар авсан. Хойд бүс нутаг руугаа сарниу байдалтай байсныг төрөөс нарийн зохион байгуулалттайгаар дарж байгаа гэх юм билээ.

Манай урд хөрш хууль дүрэм чангатай гэгддэг. Энэ нь зөвхөн дээрх гурван чиглэлд хамааралтай ойлголт бус юм. Мөн зөвхөн дотооддоо амьдарч буй иргэддээ хамаатуулдаг ч гэсэн үг биш. Гадны улс орнуудын цагдаагийн байгууллагуудтай олон чиглэлээр хамтарч, авлигачид гэлтгүй зааны соёо тээвэрлэгчид, хулхи барааны сүлжээнийхэн, ховор ан амьтдын түүхий эдийг борлуулагчид зэрэг хүнд гаруудаа авлах болсон. 

Гэтэл манай нийгэмд байж болох мэт хэвшүүлэх болсон олон гажуудал тус улсын хилийн зурвас дотор үйлдэгдсэн бол хэрхэх бол. Тухайлбал, ЖДҮ буюу Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг хамсан улстөрчдийн хэргийг хэрхэн авч үзэх байсан бол. Дээрх жишээнүүдээр жишихэд тодорхой хариулт гарч ирнэ гэж найдая.