Монгол эрдэмтэд шинэ төрлийн коронавирус буюу SARS-CoV2 вирусний эсрэг биет илрүүлэх оношлуурыг гарган аваад буй.

Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурыг бүтээсэн юм. Эрдэмтэд ШУА болон Шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгтэй ийнхүү SARS-CoV2 вирусний эсрэг бие илрүүлэх оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл,  молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган авсан тухайгаа мэдэгдсэн.

БШУ-ны сайд Г.Цэдэвсүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар SARS-CoV2 вирусний эсрэг бие илрүүлэх оношлуур бүтээсэн эрдэмтдийн багийнхантай өнөөдөр уулзав. Уулзалтаар энэхүү оношлуурын давуу тал, туршилтын үр дүн зэргийг танилцуулсан байна. Одоогоор уг оношлуурыг 10 гаруй хүнд туршиж үзсэн бөгөөд үр дүн нь сайн байгаа аж. Тиймээс энэхүү оношлуурыг цаашид эмнэлгийн практикт нэвтрүүлэхэд дэмжлэг хэрэгтэйг эрдэмтдийн багийнхан танилцуулсан юм. 

Уулзалтаар монгол эрдэмтдийн бүтээсэн SARS-CoV2 вирусний эсрэг бие илрүүлэх оношлуурын туршилтыг илүү олон хүнд турших ажлаа үргэлжлүүлэхийг эрдэмтдээс хүслээ. Улмаар оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэхэд шаардагдах зардлын  асуудлыг БШУЯ, ЭМЯ хамтран үе шаттай шийдвэрлэхээр ярилцаж тохиролцов.  

Манай эрдэмтэд SARS-CoV2-ний оношлуурыг бүтээснээрээ түүнийг гарган авах технологи,  цаашид үйлдвэрлэх боломж, шинжлэх ухааны үндэслэлийг бий болгож өгч байгаа юм. Цаашдаа энэхүү оюуны бүтээлийг ашиглаж уг оношлуурыг дотооддоо олноор үйлдвэрлэж ашиглах бүрэн боломжтой гэдгээ хэлж буй. Мөн  энэ нь вирусний халдвараас сэргийлэхэд зарцуулах хөрөнгө зардал, гадаадаас ийм төрлийн оношлуур худалдан авах валютыг хэмнэх зэрэгт ихээхэн ач холбогдолтой юм.