Хүүхэд төрүүлэх тэргүүтэй хүйсийн үүрэг байгалиас заяагддаг бөгөөд өөрчлөгдөшгүй бол жендэрийн үүрэг нийгмийн өөрчлөлтийг даган хувьсаж байдаг. Гэтэл нийгмийн хөгжлийг дагаж хувьсах учиртай жендэрийн үүрэг нь бахь байдгаараа, бараг л чулуун зэвсгийн үеийнхээрээ байсаар. Тийм ээ, нөгөө л эрэгтэй хүн ан ав хийж, эмэгтэй нь “тогоо, шанага эргүүлж”, үр хүүхдээ өсгөн гэрийн хаяанаас холддоггүй дүр зургийг хэлээд байна.

Харин жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь улс төр, эдийн засаг, эрх зүй, соёл, гэр бүлийн гээд нийгмийн бүхий л харилцаанд ЯМАР ХҮЙСТЭЙ байхаас үл хамаарах эн тэнцүү оролцоотой байхыг хэлнэ.

Хэвшмэл ойлголтын үр дагавар

Жендэрийн хэвшмэл ойлголт нь эмэгтэй, эрэгтэй хүнд ялгавартай хандах үндэслэл болж цаашлаад тэгш бус байдлын эх сурвалж болж байдаг. Хэвшмэл ойлголт бат бөх оршдог нийгэмд жендэрийн хэвшмэл ойлголтоос ангид сонголт хийнэ гэдэг давшгүй даваа болж хувирдаг. Наанадаж л, эмэгтэй хүн болж төрсөн л бол хүүхэд гаргах нь тэдний анхны үүрэг, нийгмийн амьдралд оролцохыг үүнээс дээгүүрт тавьж болохгүй гэх үзэлтэй хүмүүсийн дунд тэд сурсан мэдсэнээ нийгмийн сайн сайхны төлөө зориулна гэдэг ямар сонсогдож байна. Үүний адилаар гэр бүлээ санхүүгийн хувьд хариуцах ёстой гэгддэг эрэгтэй хүн өөрийгөө хөгжүүлж, боловсролдоо анхаарна гээд явах нь бас л амар биш даваа.

Хэдэн жилийн өмнө ажлын ярилцлагад орж байтал надаас “Та ойрын хугацаанд гэр бүлтэй болж, хүүхэд гаргах төлөвлөгөөтэй байгаа юу?” гэж асуухад нь би “ТИЙМ” гэж хариулаад тэнцээгүй юм. Бас нэгэн танил эрэгтэй маань маникюрын салонд ажилд орох хүсэлтэй байсан ч “эрэгтэй болохоороо” тэнцээгүй талаараа хуваалцаж билээ. Энэ мэт тогтсон, үндэслэлгүй хандлагын нөлөөгөөр хохирч байгаа над шиг, манай танил шиг хүмүүсийн эрхийг хамгаалах асуудал гэж ойлгоход болно.

Ойлголтын зөрүүг арилгах асуудлыг түр хойш тавиад манай улсад жендэрийн тэгш байдлыг хангах ажил ямар түвшинд хэрэгжиж байгаа тухай товчхон мэдээлэл хүргэе. 

Монгол Улс 1924 онд анхдугаар үндсэн хуулиараа хүйсийн тэгш эрхийг хуульчилсан 

Дэлхий нийт хүйсийн тэгш эрхийн талаар дуугарч эхлэх төдий байсан үед буюу 100 гаруй жилийн өмнө манай улс хүйсийн тэгш эрхийг хуульчилж байсан дэвшилтэт улс. Мөн 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Ази, Номхон далайн бүс дундаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай бие даасан хуультай анхдагч улсын нэг. Хууль батлаад орхичихоогүй хэрэгжилтийг хангах үндэсний хоёр ч хөтөлбөр хэрэгжүүлээд дуусч байгаа зэрэг төрийн зүгээс хийж хэрэгжүүлсэн ажлыг дурдвал их. 


Өнгөц харвал, бид энэ чиглэлээр бусад улс оронд үлгэрлэхүйц түвшинд хүрсэн юм шиг ойлгогдох ч бас тийм биш. Бид жендэр гэх үгнээсээ эхлээд буруу ойлгож, буруу бичиж, тэгш байдлыг хангах асуудалд идэвх санаачилга гаргаж оролцохгүй, дэмжихгүй байгаа болохоор урдах амжилтаа урагшлуулахгүй, ухраад байна. Үүнийг батлах тоо баримт, статистик судалгаануудыг тоочиж болох ч гол асуудалдаа орцгооё. 

“Манайд жендэрийн эрх тэгш байдал хангалттай бүрэлдсэн, одоо бас юуг нь өөрчлөх гээд байгаа юм” гэж би их олон хүнээс сонссон. Тийм ээ, бид “анхдагч”, бид “дэвшилтэт” үзэлтэй хүмүүс. Барианаас түрүүлж гарчихаад сүүл мушгих нь ямар мэдрэмж болохыг би энд тайлбарлаад илүүц биз ээ. Надад яг л тийм мэдрэмж төрөөд, “шар” хөдлөөд байна.

Эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлээс ихээр гарч байгаа нь мэдээж сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал тэргүүтэй олон шалтгаантай. Гэтэл үүний цаана чимээгүй гэтэх “хэрэгтэн” бол ар гэрийн хөлсгүй ажлыг эмэгтэйчүүд гардаж хийх нь зохимжтой, тэд ч энэ ажилдаа сайн гэх хэвшмэл ойлголт юм. Хамгийн гол нь эмэгтэйчүүд үүнийг хүлээн зөвшөөрч, ямар нэгэн дарамт гэж хүлээж авдаггүй ажээ. 

Хөлсгүй хөдөлмөрт нэг 7 хоногт  эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд даруй 164 цагийг илүү зарцуулж, ингэснээрээ ямар их боломжийг алдаж байгаагаа тэд мэддэггүйгээс гадна мэдэхийг ч хүсдэггүй байх гэсэн бодол төрдөг. 

Хөлсгүй хөдөлмөрийн инфографик:

Эрэгтэй хүн гэрийн эзэн, ноён нуруу байх ёстой гэсэн хүлээлтэд нийцүүлж амьдрахын тулд эрэгтэйчүүд юу золиосолж байна вэ? 

Ерөнхийдөө, эрэгтэйчүүд гол төлөв гэрийн эзэн байх дуртай. Тэд ухамсартай бөгөөд ухамсаргүйгээр ийм хандлагыг голдуу өөртөө суулгасан байдаг. Зөвхөн энэ хэвшмэл ойлголтоос болж эрчүүд санхүүгийн эрсдэлээ ганцаар үүрч хөдөлмөрийн эрсдэл бүхий салбаруудад ажиллаж, эрүүл мэндээрээ хохирон, сэтгэл санааны гүн дарамтад орж байна. Тэд насаараа ажиллаад 65 насандаа тэтгэвэрт гарч дунджаар 66 насандаа таалал төгсөж байна гэсэн судалгааг та ч харсан байх. Үүнээс гадна хүн амтайгаа харьцуулахад Монгол Улс 100.000 хүн тутам дахь амиа хорлолтоор Ази тивдээ хоёрдугаарт жагсдаг Монгол орны амиа егүүтгэсэн хүмүүс ийн 85 хувь нь эрэгтэйчүүд. 

Хэргийн эзэн болсон мөнөөх хэвшмэл ойлголтуудыг тэгвэл хэн бий болгоод байгаа юм. Та, би, бид. Тэгвэл хэн үүнийг өөрчилж чадах вэ? Та, би, бид. Яаж вэ гэж үү?

Нэгдүгээрт, жендэр гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэж ойлгодгоо больё. Энэ бол ХЭНИЙГ Ч ҮЛ ОРХИГДУУЛЖ БОЛОХ ахуйн түвшнээс эхлээд нийгэмд байр сууриа эзлэх хүртэлх бүх түвшинд яригддаг, цаашлаад улс орныг тогтвортой хөгжилд хүргэдэг арга зүй гэж зөв утгаар нь ойлгоцгооё.

Хоёрдугаарт, хэвшмэл ойлголт гэж юу вэ? Эр хүн болж төрснийх нь төлөө бүх хариуцлагаа үүрүүлээд эцэс сүүлд нь амиа хорлох, эмэгтэйчүүдээс 10 жилээр богино наслахад нь тултал нь өндөр хүлээлт тавихаа больё. Бас эмэгтэй болж төрснийх нь төлөө гэрээ гийгүүлээд л гэртээ суудаг, удирдах албан тушаалд зохимжгүй, нийгмийн дайвар бүтээгдэхүүн шиг үзэхээ больё. Манайх шиг хүн ам, хөдөлмөр эрхлэх насны иргэд цөөтэй улс иргэдийнхээ тал гаруй буюу 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдээ гэрт нь суулгаад хөгжил ярина гэдэг цамаархал юм.

Гуравдугаарт, жендэр гэхээр нүдээ дарж, чихээ бөглөхөө болиод хүн бүхэнд, танд, таны гэр бүлд хамаатай асуудал гэдгийг ойлгоцгооё. Өнөөдөр та ямар нэгэн ялгаварлан гадуурхалтад өртөөгүй, эсвэл өртсөн ч мэдээгүй байж болно. Тэгвэл одоо мэдэхгүйгээ мэдэж, маргааш, эсвэл нөгөөдөр өртөж мэдэх хайртай хүмүүсээ хамгаалъя. Амны билиггүй санагдаж магадгүй ч шударга бус явдал хэнийг ч ялгаж, тойрч байсан удаагүй. Энэ бүх шударга бус, буруу ойлголтуудыг тойроод гарч чадахгүй ч үр хойчдоо өвлүүлэхгүй байх нь бидний хүлээсэн үүрэг юм.

Дөрөвдүгээрт, жендэр гэхээр эрэгтэй, эмэгтэй хүн амын тоог тэгшитгэх оролдлого гэж харахаа больё. Манай улсын хүйсийн харьцаа 49:51. Гэтэл нэг эрэгтэйд 10 эмэгтэй оногдож байгаа гэх цуу яриа тархах болсон шалтгаан юу вэ. 

Үнэндээ Монгол эрчүүд “улаан номонд орох” шахсан биш, тэгш эрхийг эрхэмлэдэг, боловсон Монгол залуус л цөөрсөн. Энэ нь нөгөө л “эрэгтэй хүнд боловсрол чухал биш, хар бор ажил хийгээд амьдралаа аваад явчихна” гэсэн хэвшмэл ойлголтын нөлөө юм. 

Хэдий энэхүү нийтлэлээрээ жендэрийн талаарх буруу ойлголтуудыг тань залруулахыг хичээсэн ч эцсийн эцэст надаас биш, танаас шалтгаалах зүйл гэдгийг бүү мартаарай. 

Хэвшмэл ойлголтоо өөрчлөнө гэдэг асар их хэмжээний хөрөнгө мөнгө, хүн хүч шаардагдах зүйл огтоос биш. Хамгийн гол нь хандлагаа өөрчлөөд, буруу ойлголттой хэн нэгнийг хандах зүгээ зөв тогтооход нь туслаад бие биедээ үлгэрлээд явахад атаархангуй хардаг Скандинавийн орнууд шиг нийгмийг цогцлоох боломж бий. Цөөхөн хүн амтайн давуу талаа бид жендэрийн асуудалд ашиглах хэрэгтэй байна. Жендэрийн эрх тэгш байдлын төлөөх тэмцэлд танай, манай гэж байхгүй. Бүгд тэнцүү оролцоотой байх, бүгдэд хамаатай хөгжлийн асуудал учир тайвширч болно. 

Тэгш байдал тогтсон нийгэм ямар байдаг вэ?

Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлснийхээ төлөө гадуурхагдахвий гэх айдасгүй нөхөн үржихүйн асуудалд таатай хандаж, төрөлт ихэсдэг. Ингэснээр улс ажиллах хүчний дутагдалд оролгүй, ядуурал буурч, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт зэрэг нийгмийн сөрөг үзэгдэл багасна. Бид ийм нийгэм цогцлоохын төлөө л хөгжил ярьдаг биш бил үү. Жендэрийн тэгш байдлыг хангах нь тогтвортой хөгжлийн гол хүчин зүйл гэдгийг дахин хэлье. Эрэгтэйчүүд нь ямар нэг дүрд багтах гэж өөрийгөө зовоох шаардлагагүй, өөрийнхөөрөө байж хүндлүүлэх боломж бүрдэнэ. Хамгийн гол нь бид хамтдаа урт удаан амьдрах боломжтой болно. Сайхан санагдахгүй байна гэж үү. Энэ бүхэн алсад харагдах зүүд зэргэлдээ биш, хаяанд байх “хэвшмэл ойлголт” гэх хананы цаана байгаа зүйл гэдгийг ойлгож, хамтдаа өөрчилье. 


Б.Анхзаяа