Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд «Монголын улс төрийн үйл явцын хөгжилд улс төрийн соёлын гүйцэтгэх үүрэг» (2017-2019) сэдэвт суурь судалгааны төслийн үр дүн болгож «Монгол дахь улс төрийн соёл: уламжлал, орчин үе» хэмээх хамтын бүтээл гарчээ.

Суурь судалгааны төслийн зорилго нь 1990-ээд оноос хойшхи иргэдийн улс төрийн соёлын төлөвшлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэж, энэ хүрээн дэх бэрхшээл сорилт, тулгамдаж буй асуудлыг улс төр судлалын онол арга зүйн үүднээс судлан боловсруулах, иргэдийн улс төрийн соёлыг төлөвшүүлэх арга зам, хэлбэр, шийдлийн зохист хувилбарыг санал болгож, хэтийн төлөв хандлагын талаарх санааг дэвшүүлэн судалгааны эргэлтэнд оруулах юм. 

Судалгааныхаа зорилгыг биелүүлэхийн тулд тус судлаачдын баг Монголын нийгмийн улс төрийн соёлыг тодорхойлох үзүүлэлтүүдийг боловсруулж, улмаар улс төрийн соёлын талаарх орчин үеийн онолд тулгуурлан дүгнэлт гаргах, таамаглалаа шалгах, онолын шинжтэй шинэ санаа дэвшүүлэхийг зорьсон аж.

«Монголын улс төрийн үйл явцын хөгжилд улс төрийн соёлын гүйцэтгэх үүрэг» сэдэвт суурь судалгааны төсөлт ажлын хүрээнд Улаанбаатар хотын 6 дүүрэг болон Дундговь, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Ховд аймгуудын 1039 иргэдийн дунд судалгаа хийжээ.

Судалгааны багийн гишүүд Монгол дахь улс төрийн соёлыг түүхэн уламжлал ба орчин үетэй нь харьцуулан авч үзэж, Монголын улс төрийн соёлын өнөөгийн төлөв байдал, улс төрийн соёлын орчин үеийн хэв маяг, нийгмийн үүрэг, үр нөлөө, улс төрийн болон эрх зүйн соёлын харилцан хамаарал, цаашдын хөгжлийн чиг хандлага зэргийг иж бүрэн байдлаар гарган харуулахыг хичээжээ.

Тус бүтээлийн удиртгал болон «Улс төрийн соёлын онцлог, туршлага, сургамж» хэмээх нэгдүгээр бүлгийн §1, §2-ийг доктор (Ph.D) Д.Баасансүрэн, §3-ийг магистр Ц.Баянмөнх, доктор (Ph.D) О.Эрдэнэчимэг нар, «Монголчуудын улс төрийн соёлын түүхэн уламжлал» хэмээх хоёрдугаар бүлгийн §1, §3-ийг докторант А.Хишигдаваа, §2-ийг докторант А.Хишигдаваа, С.Мягмарсүрэн, «Өнөөгийн Монголын улс төрийн соёлын төлөв байдал, чиг хандлага, үүрэг, үр нөлөө» хэмээх гуравдугаар бүлгийг доктор (Ph.D) О.Хатанболд, «Монголын улс төрийн соёлын мөн чанар, хэв маяг» хэмээх дөрөвдүгээр бүлгийн §1-ийг доктор (Ph.D) Д.Баасансүрэн, докторант Д.Энхболд §2-ийг докторант М.Долгорсүрэн, магистр Ц.Жаргал, §3-ийг доктор (Ph.D) О.Хатанболд, дүгнэлтийг доктор (Ph.D), Д.Баасансүрэн, О.Хатанболд, зөвлөмжийг доктор (Ph.D) О.Хатанболд, докторант Д.Энхболд нар тус тус бичсэн байна.