Монголбанк өнгөрсөн сарын 1-15-ныг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдээс 1.4 тонн алт худалдаж авсан юм. Түрүү жилийн өдийгөөс 1.1 тонноор өссөн үзүүлэлт учраас онцлохоос аргагүй тоо. Монгол банк Лондоны металлын биржийн ханшаар авч байгаа учраас төв банкинд алтаа тушаах сонирхолтой иргэдийн тоо өсчээ.Үүнээс гадна Ашигт малтмалын нөөц ашигласны татвар 2.5 хувийг авдаг гэсэн шалтгаан бий. Экспортолсон тохиолдолд үүнээс хоёр дахин өндөр татвар төлөх юм. Сүүлийн үед хүмүүс Лондонгийн металлын биржийн ханшийг их хардаг болж. Алтны ханш бага зэрэг уруудсан өдөр алт тушаалт илт багасч, өсссөн хугацаанд нь эрс өсдөг гэж төв банкныхан онцолж байна. 

Алт тушаахад бүрдүүлэх материал

Төв банкинд алтаа тушаах гэж буй компани лиценз, байгууллагын гэрчилгээний хуулбар болон танилцуулгыг нэг удаа бүрдүүлж өгөх бол алт тушаах бүрдээ үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн, арилжааны банкин дахь дансны дугаараа өгөх юм байна. Харин иргэдийн хувьд иргэний үнэмлэх, үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн, арилжааны банкин дахь дансны дугаараа бүрдүүлж өгөх нь. 

“Голомт”-д алтаа тушаах сонирхол иргэдэд нэмэгджээ

Тушаасан өдөр нь мөнгийг нь шилжүүлдэг. 16.30 цагаас хойш шилжүүлбэл дараа өдөр нь мөнгийг нь шилжүүлдэг аж. Сонирхуулж хэлэхэд иргэд “Голомт” банкаар дамжуулан алтаа тушаах нь ихэсчээ. Тус банк өөрийн гэсэн сорьцын касстай болсон учраас алт тушаагчид амрыг нь бодож ийм шийдвэр гаргадаг болж. Төв банк зөвхөн Үнэт металын сорьцын хяналтын газраар сорьц тогтоосон алтыг худалдаж авдаг юм. 

Ажлын өдрүүдэд алт худалдаж авна

Монгол банк ажлын өдрийн 09.30 цагаас 16.30 цагийн хооронд алт худалдаж авах хуваарь гаргажээ. Худалдаж авах алтны жинд дээд, доод хязгаар байхгүй. Алтны төлбөрийг шилжүүлэхдээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж алтны үнийн дүнгээс 2.5 хувийг авах хууль үйлчилдэг. Харин мөнгөний үнийн дүнгээс 5 хувийг суутгадаг.

Алтны үнийг 329677 утаснаас лавлаарай

Монгол банкинд алтаа тушаавал өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн ханшаар 1 граммыг нь 100 гаруй мянган төгрөгөөр авч байсан юм. Орон нутгийн ченжүүд алт олборлогчдоос газар дээр нь лан, цэн гэсэн хэмжигдэхүүн ашиглаж алт худалдан авдаг юм байна. Нэг лан 35.6 граммтай тэнцэх бол нэг цэн 3.6 граммтай тэнцдэг. Ченжүүд худалдаж авсан алтаа өөрсдөө сорьцолдог аж. Тэд нэг гр алтыг 70-80 мянган төгрөгөөр үнэлж авдаг гэсэн мэдээллийг хувиараа алт олборлогчид өглөө. Төв банк Лондонгийн металлын биржийн ханшаар худалдаж авдаг гэж өмнө дурдсан. Тухайн өдрийн биржийн ханшаа мэдэхгүй байгаа бол 329677 гэсэн утсанд хандаж алтны үнэ лавлах боломжтой. Лондонгийн үнэт металлын зах зээл дээрх алтны үнийг https://lbma.org.uk/pricing-and-statistics цахим хуудсаар орж харах боломж бий.