Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн зөв, зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг 2020 оны 8 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл орон даяар хэрэгжүүлж байна. 

Дээрх аяны хүрээнд иргэдэд мөнгөн тэмдэгтийг улс орны тусгаар тогтнолын бэлгэдэл, үнэт цаасных нь хувьд цэвэр нямбай, зүй зохистой хандахыг уриалж, холбогдох мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна. 

Энэ хүрээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тэдний үндэсний мөнгөн тэмдэгтэд хандах хандлага, түүний үнэ цэнэ, утга учрын талаарх ойлголт, санал, дэвшүүлж буй асуудлын талаар хэлэлцүүлэх зорилгоор эссэ бичлэгийн уралдааныг  есдүгээр сарын 7-25-ны өдрүүдэд зарлаж байна.

Судалгаагаар Монгол төгрөгийн насжилт дундаар 3.8 жил байгаа нь дэлхийн бусад улс орны мөнгөн тэмдэгттэй харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм. 

Иргэд мөнгөн тэмдэгтийг зөв зохистой хэрэглэдэггүй, хэтэвч ашиглахгүйгээр, халаасандаа олон нугалж хийдэг, түүнчлэн бага мөнгөн тэмдэгтийн хувьд төлбөрийн хэрэгсэл гэхээсээ илүүтэй бурхан тахил, уул овоонд өргөх байдлаар зүй бусаар ашигладаг зэрэг нь төгрөгийн насжилтыг багасгах үндсэн шалтгаан болдог байна.