Өнөөдөр Монголын морин спорт уяачдын холбоо ХААИС-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.

Тодруулбал, Монголын морин спорт уяачдын холбоо дэргэдээ Эрдэмтийн зөвлөлтэй болж байгаа бөгөөд тус зөвлөл нь Хүний хөгжлийн, адууны хөгжлийн гэсэн хоёр дэд хэсэгтэй байх юм. 

Эрлийз, Монгол адууны үүлдэр угсаа, тэднийг хэрхэн ялгах зэрэг олон асуудалд Эрдэмтдийн зөвлөлийн адууны хөгжлийн дэд хэсэг анхаарах бөгөөд энэ ажлын хүрээнд өнөөдөр ХХААИС-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү ажил бол монгол адууны давтагдашгүй үнэт чанар, генийн санг хадгалах, хамгаалахад үнэтэй хувь нэмэр болно гэж судлаачид хэлж байна.

Сонирхуулахад дэлхийд 250 гаруй үүлдрийн 60 орчим сая адуу үржүүлдэг бөгөөд манай улс адууныхаа тоогоор зургадугаар байрт жагсдаг. Монгол үүлдрийн адуу нь дотроо галшар, тэс, дархад гэж албан ёсоор батлагдсан гурван омогтой, хурд, ажлын чадвар сайтай олон хэвшил, угшлын адуунууд бий.