Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо жил бүрийн тавдугаар сард тохиодог “Үндэсний мод тарих өдөр”-ийг угтан  “Мод таръя, тарьснаа арчилж, ургуулъя” уриалгыг дэвшүүлээд байна. 

Сүүлийн үед хүмүүс ажил хамт олон, ах дүүсээрээ мод тарих эерэг хандлагатай болжээ. Гэвч мод суулгаж услаад орхих нь хангалтгүй юм. Модыг анх уулнаас авчирахдаа шинэ хар шороо, шим тэжээлтэй хөрсийг нь бэлдэж, үндэс, диаметрийнх нь хэмжээгээр нүхийг нь ухаж суулгах, цаашлаад услах арчлахаас эхлээд ажил их бий. Энэ мэтээр зөв арчилгаа дутсанаас болж уулын модыг хатаадаг нь тарихаасаа илүү ургуулах нь чухал болохыг харуулж байгаа юм.

Иймээс тус клубээс мод тарьж, ургуулахтай холбоотой арга техник,  гэр хорооллын гудамжийг цэцэрлэгжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж буй туршлагаас танилцууллаа.

Энэ удаа Дархан хотод гэр хорооллын 80 гаруй өрхийг хамруулан хэд хэдэн гудамжийг моджуулж, цэцэрлэгжүүлсэн “Шинэ хашаа” төслийн санаачлагч, “Иргэдийн оролцоо-хөгжлийн түлхүүр” ТББ-ын тэргүүн Г.Ганбат, МБОИЗ-ийн гишүүн байгууллага Монголын ойчид, цэцэрлэгчдийн холбооны тэргүүн, ойн аж ахуйн инженер, докторант Р.Баянбилиг нар оролцож мэдээлэл өглөө.

"Иргэдийн оролцоо-хөгжлийн түлхүүр" ТББ-ын тэргүүн Г.Ганбат нь Дархан-Уул аймагт “Шинэ гудамж” төслийг хэрэгжүүлжээ. 

Тэрбээр 2013 онд Дархан-Уул аймагт уг төслөө эхлүүлэхээр зорьж гэр хороололд байж болох хамгийн том асуудалтай гудамжийг сонгосон байна. Гэхдээ иргэд хашааг нь татна, мөнгө авч мод ургуулна гэхээр дургүйцэн хүлээн авчээ. Энэ үед тус төслийнхөн иргэдтэй уулзаж тавхан метр нарийхан гудамжтай, шороо тоос, тортогтой хэвээрээ байвал ирээдүйд эрүүл мэндээрээ ч хохирно, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь ч унана, 20 жилийн дараа ч гэсэн энэ янзаараа л байх болно, өөрсдийн ухамсар хандлагаас бүх зүйл хамаарна гэдгийг ярилцаж ойлголцож үр дүнд хүрэв. Гэр хорооллын хүүхдүүд гэхээрээ яагаад шороон дунд тоглож өсөх ёстой гэж. Энэ санаа ч тэднийг хөдөлгөх шалтгааны нэг болжээ. Харин өдгөө Дарханы гэр хорооллын 80 гаруй өрхийг хамруулан гурван гудамжийг моджуулж чаджээ. Ингэж моджуулах ажилд нэг айл дундажаар 150-200 мянган төгрөг зарцуулсан байна.  

Үр дүнд нь 1000 орчим мод Дарханы гудамжинд саглайж буй. 300 метр урттай анхны гудамжийг моджуулах ажлыг иргэдийн өөрсдийн хөрөнгөөр гурван жилийн турш  хийсэн байна. Тэрбээр энэ тухайгаа “Энэ ажилд иргэдийн оролцоо, ухамсар маш чухал юм шүү. Моджуулсан гудамж маань гэхэд анх 5 метр л байсан юм. Иргэд өөрсдөө газраа чөлөөлөн хашаагаа татаж 12 метр болгосон юм шүү. Ингэснээр хашааны гадна талаар мод тарих боломжтой болсон. Одоо ургуулсан мододоо өөрсдөө арчлан амжилттай ургуулж байна. Бид жишиг жишээг заавал холын Швейцараас хайх хэрэггүй. Энүүхэнд Хөвсгөл аймгаас, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумаас жишээ авч болно шүү дээ” гэлээ.

Ухаан сэтгэлгээндээ ойлгож,  хамтдаа зүтгэж чадвал юм бүхэн боломжтойн жишээ энэ юм. 

Энэ тухайгаа "Иргэдийн оролцоо-хөгжлийн түлхүүр" ТББ-ын тэргүүн Г.Ганбат “Нэгдүгээр гудамжны ахлагч Төмөрбат ах бүх модыг өөрийнхөө гараар нэг бүрчлэн тайрч, харуулдаж өгдөг. Гудамжинд тарьж байгаа модоо Ухнаа гуайгаас эхлээд маш хямдаар худалдаж авдаг байсан юм. Харин гурав дахь гудамжиндаа тарихад бүгдийг нь бидэнд үнэгүй хандивласан шүү. Гудамжны иргэдээс гадна Солонгосын Сөүлийн,Инчеоны,Чоннамын гээд Төрийн өмчит их,дээд сургуулийн оюутнууд зун болгон бүх зардлаа өөрсдөө дааж ирээд,мод тарих бүтээн байгуулалтад хандив өгч оролцдог.  Мод тарьсан айлууд одоо хашааныхаа нүүрийг өөрчилж байна. Энэ бол зөвхөн мод тарина гэдэг зөвхөн нэг удаагийн ажил биш сэтгэлгээний хувьсгал байсан” хэмээн ярьлаа.

 

Хүн мөнгөө гаргасан зүйлдээ илүү хариуцлагатай ухамсартай ханддаг бичигдээгүй хууль, аливаа юмны эзэн нь тодорхой байвал хөгждөг зарчимаар уг төсөл үргэлжилж байна. Үндсэндээ албадах бус ухамсарлаж ойлгосон сэтгэлгээнээс л модтой гудамж бий болсон хэрэг.

Хашааны гадуур тарьсан моддыг хамгаалахын тулд гадуур нь хайс хамгаалалтыг ч бас хийгээд буй. Үхэр мал идэхээс эхлээд машин тэрэг шүргэж гэмтээх тохиолдол бишгүй. Энэ үед айл болгон хашааныхаа өмнөх хайсыг засаж сэлбэх үүрэг хүлээжээ. Үндсэндээ модоо ч усалж, ургуулж арчлах, хайсаа ч хамгаална гэсэн үг.  Түүнээс хойш 3-4 эвдэрчээ, өмнө нь улсаас хийсэн ажлыг тэндэхийнхэн л хийсэн, хариуцна биз гэсэн хүниймсэг хандлагатай байсан бол тэд энэ удаа өөрсдөө зассан хэмээн “Иргэдийн оролцоо-хөгжлийн түлхүүр” ТББ-ын тэргүүн Г.Ганбат иргэдээрээ бахархан ярьж байна.

“Шинэ гудамж-2” төслөөр 430 метрийн урттай хоёр дахь гудамжаа,2018 онд 850 орчим метр гурав дахь гудамжиндаа тохижуулалтын ажлыг эхлүүлсэн нь 85-90 хувийн гүйцэтгэлтэй явж буй.

“Бид нийгмээрээ амьдарна. Тэгэхээр ганцхан хашаа дотроо л сайхан амьдрах биш хамтраад гудамжаа сайхан болгож болно гэдгийг харлаа.  Тэрхүү хамтын ухамсарыг бий болгох хамгийн бага нэгж бол гудамж юм. Цаашдаа монгол орны бүх гудамж бүхэн модтой байх ёстой гэж хүмүүс ойлгоосой” гэж тэр хэлж байна.  


“Модны хялгасан үндэсийг тайрч, унагааж болохгүй” 

Монголын ойчид, цэцэрлэгчдийн холбооны тэргүүн, ойн аж ахуйн инженер, Р.Баянбилиг:

Тэрээр 2009 оноос хойш цэцэрлэгжүүлэлт, моджуулалтын чиглэлээр ажиллаж байгаа юм байна. 

"Сүүлийн үед  хашаандаа мод тарих сонирхолтой иргэд айл өрх олон болж байна. Тэд модоо хаана, яаж тарих вэ гэж их асуух юм. Гэтэл энэ талын мэдээлэл, зөвлөмж дутмаг байгаа нь анзаарагддаг. Болдог бол бол хороо бүр байгаль орчны мэргэжилтэнтэй байх сан.

Юун түрүүн ямар зорилгоор, хаана мод тарих гэж байгаагаа мэдэх хэрэгтэй. Зарим нь нарнаас хамгаалъя гэж байхад зарим нь жимс хураая, эсвэл талбайгаа гоёж чимэглэя гэдэг. Хашааны 0.07 га газарт таван үхрийн нүд, хэдэн чацаргана, урт настай  нэг шилмүүст мод, 3-4 сайхан дундаж өндөртэй мод байхад тохирдог. Үүнээс илүү бол ихэднэ. Хашаандаа яаж байрлуулах нь мөн чухал” гэж байлаа. Түүний мод тарьж ургуулахтай холбоотой зөвөлгөөг Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо өөрийн цахим хуудсаар цувралаар хүргэнэ." гэлээ