Монгол банкны олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургултэй өрхийн төсвөө хэрхэн хөтлөх,  хуримтлалаа хэрхэн бүрдүүлэх талаар ярилцлаа.

-Хуримтлал үүсгэхийн тулд хийх эхний энгийн алхам юу байх вэ?

-Эхний ээлжинд мөнгөө хэрхэн зарцуулах, хүсэл болон хэрэгцээгээ ялгах, мөнгөний үнэ цэнийг ойлгох нь чухал. Дараагийн алхам бол төсөвлөлт, төлөвлөлт хийж зардлаа бууруулах арга замыг олох юм. Өөрөөр хэлбэл сард хэдий хэмжээний орлого зарлагатай, түүнээсээ хэдий хэмнэх боломж байгаа вэ гэдгээ тооцох юм. Үүний дараа хуримтлал руу шилжих нь зөв болов уу. Заавал их хэмжээний орлоготой болж түүнээсээ хуримтлал үүсгэнэ гэвэл өрөөсгөл ойлголт. Хүн ямар ч орлоготой байсан түүнээсээ сар бүр тогтмол хуримтлуулж хэвших юм бол хадгална гэдэг амьдралын дадал хэвшил болж тогтдог. 

Хуримтлал заавал өндөр дүнтэй байх албагүй. Гол зарчим нь тогтмол байх чухал. 

-Хэрэв мөнгө хуримтлуулаад сурчихвал бидэнд ямар давуу талууд бий болох вэ?

-Ядаж л бид маргаашдаа санаа зовохгүй. Өнөөдөр цэцэрлэгт явж байгаа охиныхоо дээд сургуулийн төлбөр, орон байрны зардалд толгой өвдөхгүй шүү дээ. Мөн санхүүгийн эрх чөлөө, сэтгэл хангалуун байдал, өөртөө итгэх итгэлтэй явна. Бас гэнэтийн зүйл тулгарахад бусдаас зээлэх, банкинд очиж зээл авах шаардлагагүй болно гээд олон давуу талтай.


-Зарим хүмүүс хадгалах ямар ч боломж алга. Цалин хүрэлцэхгүй байна гэдэг?

-Ажил хийж байгаа орлоготой хүн бүхэнд л хадгалах боломж бий. Хэдхэн хоногийн дараа Хүүхдийн баяр болно. Хүүхдүүдэд их хэмжээний чихэр жимс авч өгч байснаас хадгаламжинд нь бага ч гэсэн мөнгө нэмэрлэж, хадгаламжийн дэвтэр бэлэглээрэй. Тогтмол орлоготой бол сар бүр тогтсон үнийн дүнгээр хадгалж болно. Мөнгөн дүн заавал том байх албагүй.

Тогтмол бус орлоготой хүмүүс хадгалж чадахгүй байна гэдэг. Тэгвэл орлого орж ирэх бүртээ 10-20 хувийг шууд хуримтлуулж болно. Гол нь үүндээ итгэл үнэмшилтэй байж дадал болгох л чухал. Ингэхийн тулд эхлээд бүх орлогоо бичиж хэвших ёстой. Үүнд 1-2 сарыг зарцуулаарай. Эндээс зардал, орлого хоёроо нарийвчилж харьцуулах боломжтой. Бид Е баримтанд байнга зардлаа бүртгүүлдэг шүү дээ. Мөн бид хэдэн төгрөгийн орлого олж байгаагаа хамгийн сайн мэднэ. Энэ мэтээр бичиж орлого зардлаа харьцуулан юунд мөнгө үрдэгээ, хаана хэмнэлт хийж болох вэ гэдэг дээр анализ хийчихэж болдог. 



-Өрхийн төсөв хөтлөхийн давуу талыг манай уншигчдад тайлбарлаж болох уу?

-Өрхийн төсвөө нарийвчилж бичиж, орлого зарлагаа олж харсан хүн л хэмнэлт хийнэ.

Жишээ нь зардал дотроо тогтмол, тогтмол бус гэж бий. Тогтмол гэдэгт зайлшгүй хийх байрны мөнгө, машины бензин, хоол хүнс авах зардлууд багтдаг. Тогтмол бус зардалд өөрийн хүсэл шаардлагаар авсан зүйлс багтдаг. Бичсэнээр л хаана хамгийн их мөнгө дэмий урсгаснаа олж харж хүсэл, хэрэгцээ хоёроо ялгаж салгаж сурна. Тиймээс хүмүүст өрхийн төсвөө, орлого зарлагаа бичихийг зөвлөдөг.


-Хүсэл, хэрэгцээ хоёроо хэрхэн ялгах вэ?

-Хэрэгцээг хүнсэн дээр ярьвал гурил мах, ногоо, сүү юм. Ерөөсөө амьдралд байнга хэрэгцээт зүйл гэсэн үг. Хүсэл бол чихэр шоколад, өөрт байгаа ч өөр төрлийн шинэ зүйл авах хүсэл юм. Өөрөөр хэлбэл хүслийг шаардлагагүй, тэвчиж болох хэрэглээ гэж хэлж болно. Үүнийг мэдчихвэл дэлгүүр орохдоо хүн яг юу хэрэгтэй байгаагаа жагсааж бичээд дэлгүүрт орно. Ингэснээр сэтгэлд хөдлөлд автаж худалдаа хийдэггүй давуу талтай.


-Гэр бүлийн гишүүдийн хэн нь мөнгөө зарцуулвал илүү үр дүнтэй байдаг вэ?

-Хувь хүн бүр өөрийн мөнгөө хэрхэн зарцуулж байгаагаа нарийвчилж бичиж дансны дэвтэр хөтөлж байх ёстой. Гэр бүлийн хувьд гэрийн эзэгтэй нар өрхийн төсвийг хөтлөвөл хялбар байдаг. Өөрсдөө хөтлөөд эхлэвэл өөрсдөө ямар их зарлага гаргадаг гэдгээ ойлгоно. Тэр их зардлыг л  хуримтлал болгох чухал. 


-Хэмнэлт хийх энгийн аргууд?

-Авах зүйлсийнхээ жагсаалтыг гаргасан ч гэсэн ямар дэлгүүр, худалдааны төв рүү орохоо сонгоорой. Аль дэлгүүр хямдралтай байгааг, хаанаас авбал боломжийн үнэтэй бас чанартай байдгийг тооцоол. Мэдээж гэрийн ойролцоо дэлгүүр хамгийн үнэтэй байдаг шүү дээ. Бас байнга хэрэглэдэг гурил, будаа, угаалгын нунтаг зэрэг зүйлсийг аль болох том савлагаатайгаар авах нь хэмнэлт болдог. 


-Монголчууд хэр хадгалах дуртай улс вэ. Санхүүгийн боловсролын түвшин өнөөдөр ямар хэмжээнд байна вэ?

-Дэлхийн банкнаас 2012 онд олон нийтийн эдийн засаг, санхүүгийн боловсролыг олон улсын түвшинтэй харьцуулан судалгаа хийхэд хангалтгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Тиймээс иргэд, хэрэглэгчдийн санхүүгийн шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг, мэдээллийг хүргэдэг, эрх нь зохих хэмжээнд хамгаалагдсан байхыг баталгаажуулах нь чухал гэж үзсэн. Иймээс Монголбанк, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Дэлхийн банкны техник туслалцааны хүрээнд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр”- үндэсний хэмжээнд хэрэгжүүлээд явж байна. 

Олон улсад мөнгөө хадгалж хуримтлуулах нь жишиг болж тогтсон зүйл. 

Хятадын жирийн ажилчин хүн гэхэд маш их хэмжээний мөнгийг дансандаа хийчихсэн байдаг. Япончууд ч бас асар их хадгаламжтай. 

Банк нь хадгаламжийн хүү өгдөггүй ч гэсэн хадгалуулаад сурчихсан ард түмэн. Герман ч мөн ялгаагүй, хадгаламжийн хүү бараг байхгүй хэрнээ асар их хуримтлалтай улс. Хүүхэд төрөнгүүт хадгаламжийн дэвтэр нээгээд хуримтлуулаад эхэлчихдэг. Шинэ хүүхдэд бэлэг өгөхдөө шууд данс руу хийчихдэг уламжлалтай. Хэдхэн хоногийн дараа Хүүхдийн баяр болох гэж байна. Хүүхдэд их хэмжээний чихэр жимс авч өгч байснаас хадгаламжинд нь бага ч гэсэн мөнгө нэмэрлэж, хадгаламжийн дэвтэр бэлэглэсэн ч болно. 

Бусад орныг бодвол манай хадгаламжийн хүү өндөр. Тэр дундаа хүүхдийн хадгаламжийн олон төрлийн бүтээгдэхүүнүүд банкууд санал болгож байгаа. Ер нь хадгалаад сурчихсан хүн түүндээ урамшаад улам их хуримтлуулдаг. Хадгаламж нэмэгдсэн хүний амьдралын хэв маяг алгуураар сайжирна.


-Хүүхдийг багаас нь яаж хадгалж сургах вэ?

-Зарим ээж аавууд хичээл номоо сайн сурлаа гэж, гэрийн аар саархан ажилд хүүхдэдээ мөнгөөр урамшуулал өгдөг. Цагаан сар, шинэ жилийн баяраар тэднийг мялаах хүн мундахгүй. Тэгэхээр хүүхэд орлоготой гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн энэ орлогыг эхний ээлжинд хуримтлалын авдар эсвэл гахайнд хадгалуулж болно. Ингэснээр гэнэт олсон мөнгөө үрэхгүйгээр хадгалж сурна гэсэн үг. 

Дараа нь хүүхдээ дагуулаад бүтэн жил хадгалсан мөнгийг нь банкинд хийж цаашид өснө гэдгийг тайлбарлаарай. Зарим хүүхэд дэлгүүр оронгуутаа ямар ч хэрэгцээгүй эсвэл өөрт байгаа зүйлээ худалдан авах гэдэг шүү дээ. Үүнийг ойлгуулахын тулд дэлгүүр орохоосоо өмнө хүүхэдтэйгээ тохиролцож болно.  Тэгвэл хүүхэд илүү ухаалаг ханддаг. Аль эсвэл дуртай тасгаас нь холуур явж, эсвэл хүүхдээ үлдээж дэлгүүр орох арга заль хэрэглээрэй. Би гэхэд хүүхдэдээ авах зүйлээ бичээд бариулчихдаг. Тэгвэл хүүхэд яг л тэр зүйлийг л авахуулдаг.  Таныг өөр зүйл авахуулах ч үгүй. Хүүхэд гэдэг маш ухаалаг, аливаад шударга ханддаг учраас тэр. 


-Санхүүгийн боловсролтой, санхүүгийн сахилга баттай иргэний цаана улс орондоо үзүүлэх нөлөө хэр байдаг вэ?

-Төв банк боловсролын байгууллага биш учраас санхүүгийн мэдлэгийн талаар ярихаар яагаад гэж гайхах, эсвэл үндсэн ажлаа хийгээч гэж шүүмжлэх хүн цөөнгүй.  Гэхдээ төв банк эдийн засгийг тогтвортой байлгах гол зорилгоо амжилттай биелүүлэхийн тулд санхүүгийн боловсролд анхаарахаас өөр аргагүй болдог. Учир нь хүн бүр л мөнгө, санхүүтэй холбоотой шийдвэрийг өдөр тутам гаргаж, эдгээр шийдвэрүүдийн үр дүнд эдийн засаг маань бүрэлдэн тогтож байна. Тэгэхээр иргэдийн санхүүгийн мэдлэг сайжирснаар илүү оновчтой шийдвэр гаргах боломж нь нэмэгдэж, улмаар эдийн засаг маань тогтвортой байхад нөлөөлнө гэсэн үг.