"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувьтай холбоотойгоор өчигдөр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны захирал О.Орхон, "Монголын зэс корпораци" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилж, байцаалт авсан. Ингэснээр тус өдрийн шөнө 00:10 цагт тэднийг Эрүүгийн цагдаагийн албанаас Цагдан хорих 461 дүгээр анги руу авч явж, саатуулаад буй юм.

Уг асуудалтай холбоотойгоор "Монголын зэс корпораци" ХХК-ийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхий прокурорт хандаж буйгаа мэдэгдлээ.

Тэрээр "Засгийн газрын Хэрэг газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөө өглөө мэдэгдэл хийхдээ "Эрдэнэтийн 49 хувьтхй холбоотой асуудлыг шүүх, прокурор луу шилжүүлнэ. Энэ хэрэг хэн гэдэг хүн дээр очиж, хэрхэн гацах нь уу, яаж шийдэхийг нь хараап сууж байя" гэсэн утгатай дарамталсан шинжтэй үг хэлсэн. Үүнтэй холбоотойгоор одоо Шүүхийн ерөнхий зөвлөл болон Ерөнхий прокурорт гомдол гаргаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүхийн хараат бус байдлыг хамгаалдаг байгууллага.

Өчигдөр би Эрүүгийн цагдаагийн албанд мэдүүлэг өгөхөөр ирэхдээ өмгөөлөгчтэй ирсэн. Өнөөдөр би өмгөөлөгчгүй болчихлоо. Өмгөөлөгчийг минь ямар нэгэн байдлаар дарамталж, намайг өмгөөлөхөөргүй болгож байх шиг байна. Тэгэхээр би одоо өмгөөлөгч олж, өөрийн эрх ашгаа хамгаалуулна гэдэг хэцүү болоод байна. Би хэд хэдэн өмгөөлөгч рүү ярьсан. Таны хэргийг үзээд эргээд ярья гэдэг. 30-40 минутын дараа эргэж залгаад таныг өмгөөлөх боломжгүй байна л гэж хэлж байна. Үүний цаана дарамт байгаа гэж би харж байна.

Мөн аливаа этгээдийг гэм буруутай эсэхийг шүүхээр тогтоосны дараа гэм буруутай гэж зарладаг. Гэвч өнөөдөр манай байгууллагын гэм буруугүйг тогтоогоогүй хэрнээ бараг ялыг нь бэлдчихсэн байх шиг байна.

Манай компаниас өнөөдрийн байдлаар Ц.Пүрэвтүвшин захиралыг саатуулаад байна. Хэрэв намайг саатуулах юм бол манай компанийг төлөөлж, дуугарах удирдлага бүхий хүн байхгүй болно. Ийм нөхцөл ч үүсэж болзошгүй. Бид өнөөдөр юу ч хийж чадахааргүй болоод байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь гарч ирээд хэн нэгнийг шалга гэнгүүт цагдаагийн байгууллага нь баривчилж байна" хэмээлээ.