Тайландын Вант улсад гацсан Монгол Улсын 180 гаруй иргэд эх орноосоо тусгай үүргийн нисэх онгоц хүлээсээр 2 сар гаруй болж байна.

Эдгээр иргэдийн нэг М.Лхагважав манай сайтад холбогдсон юм. Тэрбээр энэ оны 2 дугаар сард Филиппин улсад хэлний курсэд суралцахаар очсон байна. Гэсэн хэдий ч коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалж суралцах гэрээний хугацаагаа дуусгаж чадалгүй эх орон руугаа дамжин нислэгээр буцахаар болсон аж. 

Гэсэн хэдий ч 3 дугаар сарын 18-ны нислэгээр ОХУ гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй шийдвэр гаргаснаас болж хамт суралцаж байсан залуусийн хамт 2 сар шахам Бангкокт саатаад байгаа юм. Түүнээс Тайланд дахь монголчуудын нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа.

-Та бүхэн Бангкокт хэр удаан хугацаагаар саатаад байна вэ?

-Бид 3 дугаар сарын 18-аас хойш Бангкок хотод нийтийн байр түрээслэн амьдарч байна. Бид нар шиг хаашаа ч явж чадахгүйгээр гацсан монголчууд олон. Зөвхөн Бангкок хотод гэхэд 160 гаруй монгол хүн эх орон руугаа буцах хүсэлтээ илэрхийлээд байна.

-Бангкок дахь монголчуудын нөхцөл байдал ямар байна вэ?

-Гэнэтийн нөхцөл байдлын улмаас гацсан учраас энд байгаа монголчуудын хувьд нөхцөл байдал хүндэрсэн. Бид гэхэд санхүүгийн хувьд амаргүй нөхцөлтэй тулсан. Бид сүүлийн хоёр сарын турш УОК-ын шийдвэрийг хүлээж, чартер нислэгт найдвар тавин хүлээлээ.

Уг нь Зүүн Өмнөд Азийн орнуудад өвчлөл харьцангуй намжсан. Тэгэхээр эдгээр орнуудад байгаа хүнд байдалд орсон, янз бүрийн шалтгаантайгаар саатсан, нутаг буцах хүсэлтэй монголчуудаа татан аваасай гэж хүсэж байна. Уг нь Банкок-Улаанбаатар чиглэлд МИАТ нислэг хийж байсан туршлагатай юм билээ. Тиймээс Зүүн Өмнөд Азийн орнуудад байгаа иргэдийг Банкок хотоос нэг, хоёр удаа татах боломжтой гэж үзэж байна.

-Байр, хоолны зардлаа хэрхэн аргалж байна вэ?

-Ийм урт хугацаагаар, хөл хорионд орно гэсэн тооцоо, төсөөлөл байгаагүй. Тиймээс санхүүгийн хувьд хүнд цохилтод орсон. Хамгийн их зардлыг байрны түрээс, хоол ундны зардал эзэлдэг. Энэ бүх зардлыг ар гэрийнхнээсээ л авч зохицуулж байна даа. Энэ чигээрээ үргэлжилбэл нөхцөл байдал бүр ч хүнд болно.

Аз болоход Тайланд улсын засгийн газраас түр гацсан гадаадын иргэдийн зорчих визийг 7 дугаар сарын 30-ныг хүртэл үнэгүй сунгаж өгсөн. 

-Байр олдохгүй байгаа сураг дуулдсан. Та бүхэн энэ асуудал тулгарч байна уу?

-Байрны түрээсийн үнэ өдөр ирэх тусам өсөж байна. Бид байрны асуудлаа шийдэхийн тулд нэг сар эсвэл 14 хоногоор гэрээ хийж түрээслэдэг. Хугацаагаа дуусгаад өөр арай хямд байр хайж нүүгээд л яваад байна даа. Одоогийн байдлаар 4 удаа нүүгээд байна.

-Нэг байрыг хэдүүлээ түрээсэлдэг вэ?

-Бид есүүлээ нэг байр түрээсэлж байна. Филиппинд нэг сургуульд сурч байсан 20-37 насны залуус байгаа юм. Тайландад цуг ирж эх орон руугаа явах гэж байгаад гацсан. Үүнээс хойш хамтдаа л байрны хоолны асуудлаа аргацааж ирлээ.

-Та бүхэн элчин сайдын яамтайгаа холбоотой байгаа юу?

-ЭСЯ дээр очиж албаны хүмүүстэй уулзсан, өөрсдийнхөө мэдээллүүдийг ч бүртгүүлсэн. ЭСЯ-аас шийдвэр гартал хүлээгээрэй гэж хэлсэн, мөн УОК-ын цахим хаяг руу хүн өргөдөл явуулсан, хүлээж авлаа, эргээд хариу өгнө гэсэн хариу ирсэн.

Тайландад хүнсний дэлгүүр, зах болон зарим үйлчилгээний газрууд нээгдээд эхэлсэн.Халдвар харьцангуй гайгүй улсын нэг учраас хүний нутагт гацсан монголчуудаа авахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Биднээс гадна өвчтэй, дамжин нислэгээр саатсан бага насны хүүхэдтэй гэр бүлүүд ч бас маш хүнд хэцүү байдалд байгааг уламжилая.


Монгол Улсын Онцгой комисст хүсэлт илгээх нь:

Тайландын Вант улсад гацсан Монгол Улсын 180 гаруй иргэд тусгай үүргийн нисэх онгоцоо хүлээсээр 2 сар гаруй боллоо. Энэ хугацаанд бид тэвчээртэй хүлээсэн. Бид суулт хийсэнгүй. Бас бичиг барьж зогссонгүй. Төр засгийнхаа мэргэн шийдвэрт найдан хүлээсээр өдийг хүрлээ. Одоо итгэл алдарсан. Сөүл, Токио, Стамбул, Франкфурт нислээ л гэнэ. Яагаад Бангкокийг тойроод байна. аа Адилхан л МИАТ нисэж байсан агаарын харилцаатай хот шүү дээ.

Тайландад гацсан монголчууд бид чинь урдаас нь гарсан хүүхэд юм уу, араас нь гарсан хүүхэд юм уу! Бусад бүх орноос тусгай үүргийн онгоц ирж иргэдээ авсан. Миат л Бангкокийг тойрч нисээд Монголчууд бид л үнсэнд хаягдсан шалж шиг торойгоод хоцорсон. 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралын ээж тэргүүтэй 20 гаруй хүн сэмээрхэн хаагуур ч юм, яагаад ч юм Монгол руугаа саяхан Тайландаас буцаж чадсан байна. Аргаа баран үлдэж хоцорсон 150 гаруй монголчууд бидэнд хүний нутагт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж байна. Энд Бумрунград эмнэлэгт үзүүлэхээр ирсэн хүмүүс, оюутнууд, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэдтэй хүмүүс ч зөндөө байна. Тэр байтугай 80 гарсан хөгшин ухаан санаа нь орж гаран сэхээнд 10 гаруй хонож байна. Хүний нутагт суусаар мөнгө төгрөг ч барагдаж амьдрахад өдөр бүр улам хэцүү болж байна.

Зогсвол зоос, хөдлөвөл хөлс болсон газар хэчнээн ч хэмнээд, яаж ч ядруу амьдраад байхад туйлдаж гүйцэж байгаа монголчуудаа аваач ээ. 

Зүүн өмнөд азид гацсан, хаягдсан иргэдээ тайландаар дамжуулан татаж аваач ээ. Энд идэх хоолгүй, орох оронгүй болсон олон залуучууд байна. Тайландад бусад орон шиг арбайт хийж мөнгө олох ямар ч боломжгүй. 

Тусгай үүргийн нислэгээ яаралтай явуулж болох уу. Тайландад сүүлийн 14 хоногт шинээр илэрсэн тохиолдол нэг оронтой тоонд орж, Сүүлийн 7 хоногт гэхэд өдөрт зөвхөн нэг л хүн халдвар авч байна. Бангкок хот хориогоо тавьж гадуур ихэнх хүмүүс маскгүй явж байна. Шөнийн бар цэнгээнээс бусад бүх үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа аль хэдийн эхэлсэн. Энд байгаа монголчууд 2 сар гаруй хөл хорионд орж, өвдсөн хүн байхгүй, бүгд эрүүл саруул байна. Энд байгаа хүмүүсийг COVID-19 тест өгүүлэх ч шаардлага байхгүй. Ядарсан иргэдэд чинь 250 доллароор тест хийлгэх хэцүү байна. 

Өдөр ирэх тутам харийн нутагт хавчигдан гадуурхагдсан монгол хүмүүсээ аваач ээ. 2200 жилийн түүхт төр улстай гэдгээ харуулаач ээ. Нэгэн цагт Хубилай хааны үед Тайланд улс Монгол хаантай байсан түүх үнэн л юм бол энд байгаа иргэдээ ингэтэл нь битгий доош нь оруулаач ээ.


МОНГОЛ ТӨРИЙН МИНЬ


СҮЛД БИДНИЙГ ӨРШӨӨХТҮН.


ТАЙЛАНДАД ГАЦСАН, ХАЯГДСАН, ГАДУУРХАГДСАН 150 ГАРУЙ МОНГОЛЧУУД ЧИНЬ