Мэргэжлийн хяналтын байгууллагын цахим шуурхай хурлыг өчигдөр хийж, сахилга хариуцлагыг сайжруулах, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудад үүрэг даалгавар өгчээ.

Хурлаар Орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудын дарга, хэлтсийн дарга нарыг энэ сарын 15-ны дотор ажилдаа бүрэн орж Засгийн газрын сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжтэй хүндэтгэлтэй, хүлээцтэй харилцаж, асуудлыг нь бүрэн сонсож, хүндрэл чирэгдэлгүй үйлчилж ажиллахыг даалгав.

Ажлын байранд болон ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн албан хаагчийг ажлаас халах хүртэл хатуу хариуцлага тооцож ажиллахыг мөн анхаарууллаа.

Өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулах, тариа хураалт зэрэг цаг үеийн ажлуудтай холбогдуулан чиглэл бүрээр зөвлөмж, анхааруулгыг холбогдох албан байгууллагуудад бичгээр өгч ажиллахыг тус тус үүрэг болгов.

-Барилга, автозам, эрчим хүчний барилга байгууламжийн угсралтын ажлын чанар, байдалд хяналт тавьж ажиллах, тогонд цохиулах эрсдэлийг арилгаж ажиллах, үер усны аюул үүсч байгаатай холбогдуулан зам, гүүрийн байгууламжид тавих хяналтыг сайжруулах.

-Үерийн дараах ариутгал халдваргүйтгэл хийх зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж хууль бусаар тарвага агнах, худалдах, худалдан авч тээвэрлэх, самар, жимс ил задгай худалдаалж байгаатай холбогдуулан энэ талын хяналт шалгалтыг чангатгах, гэдэсний халдвар болон тарваганы тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх ажлыг эрчимжүүлэх.

-Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн  үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх зэрэг үүрэг, чиглэл өглөө.