Сэтгүүлч, минималист Э.Энхтөгсийн аян замын тэмдэглэлийг хүргэж байна. Тэрбээр минималист амьдралын хэв маягийг сонгоод 4 жилийн болж буй нэгэн юм. Гурав хүрэхгүй кг ачаатай үүргэвчтэйгээр замд гарсан түүний аялал 16 хоногийн турш үргэлжилжээ. Хэрхэн хямд аялж, хүмүүстэй танилцаж адал явдалтай учирсан гээд Э.Энхтөгсийн бичсэн тэмдэглэл залууст урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Их мөнгө биш хүсэл зориг холын замд хөтөлдөг билээ.

Сайн байна уу? Юуны өмнө та бүхэнд 16 хоногийн турш дээр дурдсан орнуудаар 1.7 сая төгрөгөөр “Үүргэвчтэй” аялаад ирсэн тэмдэглэлээ хуваалцах болсондоо баяртай байна. Миний бие өмсөх зүүх, эдлэх хэрэглэх ердөө 68 ширхэг эд зүйлтэй экстрем Минималист хүн гэдгээ энд хэлэх нь зүйтэй байх.

Тэгэхээр аялал маань Улаанбаатар хотын Галт тэрэгний төв вокзалаас эхэлсэн. Эндээс би Замын-Үүд рүү нийтийн вагонаар 11500 төгрөг төлөөд явсан. Замын-Үүдэд буугаад цааш Эрээн рүү хил гардаг автобусанд суугаад 10000 төгрөгөөр Эрээнд очсон. Улмаар Эрээнээс Бээжин рүү нэг дамждаг вагонаар явсан. Үнийн хувьд Эрээн-Өвөр Монгол Жининг /Улаанцав/ руу 24.5 юаниар, Улаанцав-Бээжин рүү 72 юаниар зорчсон. 


Ингэхдээ trip.com сайтаар дамжуулан “hard seat” буюу манайхаар хэлбэл нийтийн вагонаар явсан. Энэ хувилбараар над шиг ганцаараа, ачаа багатай, залуу хүмүүс явахад асуудалгүй санагдсан. Харин нас тогтсон, хүүхэдтэйгээ, эсвэл их ачаатай яваа хүнд энэ тийм ч зөв сонголт биш. Ингээд Улаанбаатараас Бээжинд ердөө 58 мянган төгрөгөөр очсон. Энэ бол байж болох хамгийн хямд үнэ гэдгийг хэлмээр байна. Бээжинд очоод мөн л trip.com-оор Бээжингийн төв талбайгаас урагш 500 хан метрт байрлах Granary нэртэй hostel-д буудалласан. Энэ буудал байршал маш сайтайн дээр үнэ нь өдрийн 11.5 usd бөгөөд ганцаараа яваа аялагчдад хамгийн тохиромжтой буудал санагдсан. Ирсэн даруйдаа Тианминий талбай, Шувууны Үүр цэнгэлдэх хүрээлэн, Цагаан хэрэм, Стреет 798, фүүд стреет тэргүүтэй газруудаар явсан. 

Цагаан хэрэм рүү очихдоо болж өгвөл алхаж гараад алхаад буугаад ирдэг хэсэгт нь очсон нь дээр юм байна лээ. Тэгэхгүй бол зөвхөн cable car-аар дээш гардаг хэсэгт оччихвол заавал 140 юан төлж дээшээ гарахаас өөр сонголтгүй. Тиймээс сайн асууж байгаад Цагаан хэрэм рүү явах хэрэгтэй. Үүргэвчиндээ авч явсан зүйлсийн хувьд ердөө өмссөн хувцасаас гадна нэг шорт, майк, углааш, турсинк 2ш, оймс 2ш, жижиг travel bottle set, усны сав, нүдний шил, повербанк, чихэвч зэрэг зүйлс л байсан. Энэ нь нийт 2.3 кг... Ингээд Бээжинд гурав хоносны эцэст ХонгКонг руу явсан. 

ХонгКонг руу явахдаа мөн л trip.com-р 83 usd-оор China Southern гэх эйрланы билет захиалаад явсан. Үнийн хувьд байж болох боломжийн доод үнэ л дээ. Онгоцны билет захиалахдаа болж өгвөл tripadvisor, cheapflight, loco, trip.com зэрэг олон аппуудыг ашиглан харьцуулан захиалах хэрэгтэй. “Бээжин рүү 58-хан мянгаар ирчээд ХонгКонг нисчихэж байгаа юм уу? Shenzhen рүү галт тэргээр явчихгүй дээ” гэж зарим хүмүүс хэлж байсан. Галт тэргээр явж болох байсан ч билет нь 45usd. Дээрээс нь 26 цаг Эрээнээс ирсэн шигээ явах байсан тул яаж ч бодсон онгоц нь дээр болж таарсан. Ингээд 4 цаг гаруй ниссэн би ХонгКонгийн онгоцны буудал дээр буугаад Монгол хүн юм болохоор харин ч нэг сайн нэгжүүлж, шалгуулж, асуулгасан. Эйрпорт дээр буугаад гарах хэсэг рүү очоод лифтээр 3 давхар руу буугаад тэндээсээ 6hkd-ээр “B4”номерийн автобусанд суугаад Макао явдаг bus station руу 3 хан минут яваад л оччихсон. Тэндээсээ Макао гэсэн автобусаар 65hkd төлөөд HK-Macau-Zhuai гурвыг холбосон шинэ гоё гүүрээр ойролцоогоор 60 минут яваад л Макаод очсон.

Макаод буудал захиалаагүй болохоор өдөржин казино тэргүүтэй бусад газруудаар явсан. Ингээд орой болонгуут буудалд орох гэхэд буудлууд нь маш үнэтэй байсан тул дөнгөж хажууханд нь байх Хятадын Zhuhai гэдэг муж руу бараг алхаж ороод л тэндээ хямдхан буудалд хонов. Гэхдээ хамгийн хөгжилтэй нь би Zhuhai-руу орохдоо дан HKD-тай явж байсан бөгөөд нэг ч юангүй би тэнд гадаа хононгоо алдсан шүү. Учир нь буудлууд нь HKD-ээр биш зөвхөн юанаар л үйлчилнэ гэсэн. 

Энэ хотод би төөрсөн. Ойролцоогоор 30 орчим минут төөрч байгаад нэгэн эмэгтэйгээр зам заалгасан. Бүүр давраад нөгөө эмэгтэйдээ HKD–ээ өгөөд wechat-р нь буудлын төлбөр хийлгүүлсэн. Гэртээ харих гэж байсан ч төөрсөн, хонох газаргүй надад тусалсан түүний сэтгэлийг машид үнэлсэн билээ. Бид Хятадуудыг муулаад л байдаг, тэд тийм ч муу хүмүүс биш юмаа гэсэн бодол төрсөн дөө. Ингэж хэлж байгаа учир маргааш нь би буудалдаа маш их өлссөн сэрээд гарч юм олж идэх гээд гарахад дахиад л зөвхөн hkd-тэй хүнд хэн юм зарах вэ дээ. Карт уншдаг газруудынх нь хоол гэж тэнгэрт хадсан үнэтэй. Учир нь ихэнх газрууд Wechat эсвэл cash болохоор тэр. Тиймээс food street-ийн нэг өвөөгөөс гуйж байна та hkd-ээр надаа хоол зарчих л даа би яг өлсөж үхлээ гээд гуйсан. Гэвч өнөөх хөгшин уучлаарай би hkd-ээр юм зарахгүй. Гэхдээ чи үнэхээр их өлсөөд байгаа бол май энийг ид гээд хав халуун шинээр гарсан мантуун буузнаасаа өгөхөд нь ямар их баярласан гээч.

Тэгээд цааш үргэлжлүүлээд HK-руу явах гэж байгаа би HK-Macau-Zhuhai port явах автобусаар явах ёстой байсан. Тэгсэн яасан байх нь уу бас л HKDтэй хүн яаж bus—нд суухав дээ. Аргаа бараад нэг охиныг мөнгө солих уу гээд учраа хэлэхэд зүгээрээ гээд зоосон нэг юан өгөөд энүүгээр автобусанд суучихаа, манайх угаасаа нэг юанаар л явдын гэж авдын. Өөрөөсөө санаа зовоод маш их баярласнаа илэрхийлээд port-руу явсандаа. Тэд үнэхээр ямар өгөөмөр байсныг үргэлж санан дурсах болно.

ХонгКонг

Ингээд л хэдхэн цагийн өмнөхөн Zhuhai-д өлсөж үхэх гээд явж байсан би Азийн хамгийн хүчирхэг эдийн засагтай газарт дуу аяланхан ороод ирэх нь тэр. Zhuhai-с HK орохдоо 58 юанаар өмнө нь ирсэн автобусаараа явсан. Энэ автобус дээр дурдсан HK эйрпортын bus terminal дээр намайг буулгасан бөгөөд тэндээсээ “A21” дугаартай автобусанд суугаад octopus гэх картыг ашиглаад л явж өгсөндөө. Энэ картыг airport дээрээс 150hkd-р авсан. 100 г нь ашиглах эрхтэй. Буцахдаа картаа өгөөд 50hkd-гээ авчихдаг.

ХонгКонгод очихдоо хоёр өдрийн л буудал захиалсан бөгөөд муухай байвал солино гэж бодоод буудал захиалсан. Ингэхдээ мөн л дээр дурдсан trip.com-р өдрийн 9 usdollar-ийн өртөгтэй shared room-д орсон. Санасныг бодвол буудал маань маш боломжийн, эндээ явтлаа байсан. HK-д байхдаа 10 өдрийн unlimited дата эрхтэй ийм сим картыг 50hkd-р худалдаж аваад ашигласан.

Харин энэ газар манайхаар бол Зайсан бөгөөд Tram болон Автобус гэсэн хоёр сонголтоор очдын байналээ. Миний хувьд Central-с 15 дугаартай автобусанд суугаад л 11HKD-ээр л PEAK-ийн доод хэсэгт яваад оччихсон.TRAM нь ирж очих нь 100 орчим HKD юм шиг байналээ. Bus-аар явсан нь хамаагүй хямд байсан.

Миний зургаа авхуулсан энэ хэсэг хориотой бөгөөд гарч болдоггүй булан.  Хашааг нь давж үсэрч ороод хашааны гадна байсан нэг Ирланд залуугаар гуйж байна гялс дараарай гээд л хэд хэдэн зураг авхуулсан. Төд удалгүй хамгаалагч нар нь орилолдоод л гараад ирсэн. Маш аюултай шүү дээ цаашаагаа ямар ч хаалт хашлага байхгүй. Хүчтэй салхилахад л та цаашаагаа унана гэснийг нь сонсоод нээрээ л би тэнэг зүйл хийжээ хэмээн бодогдсон. Гэхдээ л би эрсдэл гаргаж, залуу дээрээ ийм юм хийж үзмээр санагдаад байсан.  

Kowloon-ий Temple Street гээд энэ хэсэгт шөнийн зах байх бөгөөд элдэв сонин бараа тааралдах нь их. Юмных нь үнэ гэж үнэ тэнэг газар санагдсан ХонгКонг. Учир нь би 5-хан алхамын өмнө 4hkd-р цэвэр ус авчаад цаашаа алхаж байхад 8-аар зарж байгаатай таарсан. Дахиад цаашаа явж байхад бүүр 3-аар яг миний авсан усыг зарж байсан нь эндхийн хүмүүс дураараа үнээ тавьдаг юм байна гэх дүгнэлтэнд хүрсэн. Тиймээс HK-д хаанаас нь ч юм авсан доод үнэ нь яг хэд юм гээд тултал буулгаж байгаад авсан нь дээр юм байналээ.

Kowloon-д мөн л Ladies Market гээд аялагчдын ихээр очдог зах байна лээ. Нэг юмны үнэ асуухад 300hkd гэнгүүт нь шууд цаашаа эргээд явах гэтэл okey okey, how much? Huh? Гээд тооны машинаа сарвайгаад та хэдээр авмаар байгаан үнээ бич гээд өгөх нь хууль мэт. Тэгээд л 300 байсан бараа 50 болтлоо буугаад тохиролцоонд хүрсэн. Эндхийн бичигдээгүй хууль л ийм гэсэн.

Явахынхаа өмнөх өдөр тэнд болсон хамгийн хүчтэй жагсаал бослого тэмцэлтэй таарсан. Улмаар дунд нь орж бичлэг хийж, зураг авахын тулд тэдний дүрээр хувилсныг зарим хүмүүс сошиалаар харж наанаа юу хийж яваан, хурдан гар, хамаагүй жагсаж байгаад Монголчуудыг визгүй болгочив, үхэх нь дутаа юу гэх мэт сэтгэгдлүүдийг хэлж байлаа. Миний хувьд зөвхөн Press маягаар л голд нь орсон төдий. Удалгүй цагдаа нар ирж тулаан эхлэхтэй зэрэгцээд малгайгаа авч, маскаа тайлаад, подволкоо солиод энгийн иргэдийн дунд ороод тэндээс fb-ээр Live хийснийг олон хүн үзсэн байсан. Энэ удаагийн мөргөлдөөн маш хүчтэй болж, маш олон метро буудлууд, худалдааны газруудыг /Хятадын/ эвдэн сүйтгэсэн.


Буцахдаа: ХонгКонгоос Улаанбаатар руу Eznis-ээр 545100 төгрөгөөр шууд нислэгээр ирсэн. Миний аяллын хамгийн үнэтэй туссан тээврийн зардал маань энэ хэсэгт байсан гэхэд болно. Учир нь Монголд ирснийхээ маргааш нь шууд ажилдаа орох байсан тул шууд нислэг сонгосон. Eznis-ийн ч бүх зүйлс нь сайн байсан.

Эцэст нь нутаг буцахаар Airport дээр очоод ай даа залуу байгаа дээрээ л ингээд яваад байх сайхан юм даа гэж өөрийнхөө царайг утасныхаа камерт хараад өөртэйгээ ярьсан маань энэ. Намайг иртэл нэг танил маань чи тэгээд тэнд shopping нтр хийгээгүй юм уу? Юу ч аваагүй юм уу? Шоудаагүй юм уу? гэхээр нь мөнгө хэмнэх гээд зөвхөн юм үзэх гэж л явсан юм аа гэхэд "Чам шиг ийм тарчиг явуул хэцүү юм байна, гоё их мөнгөтэй, халгиун цалгиун явбал гоё ш дээ, өвдөг нь гарчихсан өмдтэй өөр өмсөх хувцасгүй ингэж яваад байхдаа яахав" гэж хэлсэн. Тиймээ надад шинэ хувцас, үнэтэй брэндийн зүйлс үнэхээр хэрэггүй ээ. 

Би зүгээр л залуу дээрээ бага мөнгөөр ч болов бусдын ажиллаж амьдарч байгаа нүдээр үзэж, чихээр сонсоод өөрийнхөө үзэл бодолдоо үнэнч амьдрах гэсэн бодолтой л явдаг. Намайг тогтсон ажилтай ганц өмд аваад өмсчих чадалтай болохоор нь л тэгэж хэлсэн байх л даа. Гэхдээ миний өмдөнд өвдөг гарсан ч цоороогүй, дээрээс нь би огт даарахгүй, солих шаардлагагүй болохоор л надад заавал шинэ өмдний хэрэг байхгүй. Би хөлсөө дуслуулж олсон мөнгөөрөө тэндээс хэрэгтэй хэрэггүй зүйлс цуглуулахыг хүсээгүй юм. Маш олон хямдарсан бараануудтай дэлгүүртэй би таарсан. Гэхдээ надад хэрэгцээтэй зүйлс маань бүгд байгаа цагт заавал орж шуналдаа хөтлөгдөхийг хүсээгүй юм. Харин монголдоо ирэхэд машин маань бензин дууссан, зуны тос маслотойгоо гадаа хүйтэрсэн байгаа тул тос масло солих, өвлийн дугуй авах зэрэг нь л миний жинхэнэ тулгараад байгаа хэрэгцээ гэдгийг энд хэлмээр байна. Тиймээ та мөнгөгүй байж болно, хэн ч байж болно. Бидний эргэн тойронд байгаа материаллаг зүйлс биднийг аз жаргалтай хүн хэзээ ч болгодоггүй. 

Бидний туулж өнгөрүүлсэн амьдрал, үзэж харсан зүйл, байгалийн сайхан, хүмүүсийн нандин сэтгэл, хүн чанар, нэг нэгнээ хайрлах халуун хайр, бусдад харамгүй туслах сэтгэл, нийгэмдээ хийж бүтээж буй эерэг зүйлс биднийг, тэр тусмаа залуусыг маань аз жаргалд хөтөлнө гэж би боддог.

Тиймээс үүргэвчээ үүрээд өвдөг нь гарсан өмдтэйгээ гэрээсээ 3000 км-ийн хол 16 хоногт нийт 1.7 сая төгрөгөөр аялаад сайн яваад хүрээд ирлээ.

#WorldWanderers #CitizenOfTheWorld #TravelResponsibly