Сөүл-Улаанбаатарын чиглэл дэх МИАТ-ын онгоц өчигдөр Инчон олон улсын нисэх онгоцны буудалд ослын буулт хийсэн. Онгоцонд утаа, угаар үнэртсэний улмаас буулт хийсэн гэх мэдээлэл цацагдаад буй.

Энэ талаар МИАТ ТӨХК-иас "Өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаар аяллын агаарын хөлгийн хяналтын самбарт check-in гэрэл ассан тул тус агаарын хөлөгт техникийн үзлэг хийхээр буцаж Инчеон ОУНБ-д газардах шаардлага гарсан.

Инженер техникийн ажилтнууд агаарын хөлгийн дугуйны хэсэгт гарсан дутагдлыг илрүүлэн шуурхай арилган нислэгт бэлэн болгосон байна.

Тус агаарын хөлөг орон нутгийн 00:43 цагт Инчеон ОУНБ-аас хөөрч Улаанбаатар хотын Чингис Хаан ОУНБ-д 04:04 цагт хэвийн газарджээ. Тус агаарын хөлгийг газардсаны дараа дахин техникийн нарийвчилсан үзлэг хийн нислэг үйлдэх боломжтой болохыг тодорхойлсон байна.

Техникийн саатлын улмаас зорчигчдын тав тухыг алдагдуулсанд зорчигч, үйлчлүүлэгч Та бүхнээс гүнээ хүлцэл өчье.

12-р сарын 22-ны өдрийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ301 дугаар аяллын нислэг төлөвлөсөн цагтаа Чингис Хаан ОУНБ-аас хөөрсөн.

www.zaluu.com, www.medee.mn, www.eagle.mn зэрэг мэдээллийн сайтууд агаарын хөлгийн хаалганд гэмтэл гарсны улмаас утаа үнэртэж ослын буулт хийсэн мэт ташаа мэдээлэл өгч зорчигчдыг сандралын байдалд хүргэж байсанд харамсаж байгаагаа илэрхийлж байна" хэмээн мэдээллээ.