МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, профессор М.Гантуяатай ярилцлаа.

-Монголчууд хэзээнээс бурхны шашныг шүтэж эхэлсэн юм бэ, түүхээс арай өөрөөр бүр Хүннүгийн үеэс эхлэлтэй гэсэн таны яриаг сонсч байсан?

-Монголчуудыг философи уламжлалт гүн ухаан буддын ухаан соёл нэвт шингэсэн байдаг. Малаа хариулж яваа малчин хүн гэхэд  малаараа дамжуулаад энэ ертөнц, байгальтай шууд харилцаж, орчлонг танин ургамал, амьтан судлалын өргөн дэлгэр мэдлэгтэй. Тэр тусгалаараа орчлонг хязгааргүй өргөн уудам гэдэг утгаар нь танин мэддэг байж. Номын хуудсаар бус байгаль орчлон гэдэг судартай нээлттэй танилцаж суралцаж ирсэн хэрэг. Дээр нь од эрхэсийн хөдөлгөөн, хязгааргүй орчлонгийн уудам, тэнгэрт гялалзаж байгаа үй түмэн оддын талаарх мэдлэгийг авдаг. Тэр жирийн малчин хүний мэдлэг нь хязгааргүй орчлонгийн талаарх уужим мэдлэг юм. Гэтэл энэ үзэл нь ч буддын гүн ухааны орчлонг хязгааргүй утгаар нь ойлгодог хоосон чанарын үзэлтэй нэгдэж нийлдэг. Тиймээс өөрсдийнх нь ертөнцийг үзэх үзэлтэй буддын шашныг сонгож, онолыг нь авсан гэсэн үг.

Эйнштэйн хүртэл “Ирээдүйн шашин гэж байдаг бол тэр нь энэ дэлхий дээр биш хязгааргүй орчлонгийн уудам руу тэлсэн байх учиртай. Тэрхүү хэрэгцээг хангаж чадах нь буддын шашин юм” гээд хэлчихсэн.

Бүр Хүннүгийн үеэс манайд буддын шашин дэлгэрсэн гэж үздэг.  13 дугаар зууны үеэс л Торгон замын худалдаанд оролцож худалдаа арилжаа хийж ирсэн. Энэхүү соёлыг дагаж зөвхөн арилжаа бараа таваар төдийгүй оюуны соёл орж ирсэн. Судалгаагаар буддын соёл Энэтхэгээс орж ирсэн гэж үздэг, археологийн олдвороор ч батлагддаг. Харин 13 дугаар зуунаас хойш Төвөдөөр дамжин Төвөдийн очирт хөлгөний ёс илүү дэлгэрч эхэлсэн түүхтэй. Хубилай цэцэн хаан номын зөвлөхөөрөө улааны шашны томоохон хувраг Пагва ламыг болгосон байдаг. Үүнээс хойш Монголын дараа дараагийн хаад, бага хаад Хубилай хааны бодлого буюу төрийн хатуу ёсыг бурхны шашны номоор зөөллөх хос ёсны бодлогыг төрийн бодлогодоо барих гэж оролдож ирсэн. Энэ оролдлогын жишээ нь 17 дугаар зуунд Монголчууд Монголын шашны тэргүүнээ тодруулсан явдал юм. Энэ нь хаанаа тодруулж чадахгүй юм бол ядахдаа шашнаараа нэгдэцгээе гэсэн санаа байсан. Тэр хүсэл сонирхол нь Манжийн бодлогоор биелэгдэж чадаагүй ч гэсэн 300 жил Монгол түмэн цээжиндээ тээж явсан. Харин Богд хаант улсыг байгуулснаар хүсэл нь биелжээ.


-Тэгвэл Манжийн үед монголчууд буддын шашны нөлөөгөөр олноороо лам болсон. Энэ нь монголчуудыг хүлцэнгүй дорой болгосон гэж ярьдаг...?

-Юмыг нэг өнцөгөөс харж болохгүй. Энэ тал дээр янз бүрийн тайлбар бий.Буддын шашин Монголд гурван удаа орж ирсэн гэх буюу гурвантаа дэлгэрсэн гэдэг.

Тухайн үед Манжийн бодлого малын татвараар хоосруулах, 18 нас хүрсэн эр хүн болгоныг цэргийн албанд татаж хамгийн хүнд хүчир ажлыг хийлгэх бодлого барьж байжээ. Тиймээс ч Манжийн цэргийн албанд татагдсан эрчүүд гэртээ буцаж ирдэггүй. Үндсэндээ эрчүүдийг үгүй болгох бодлого барьсан гэж үздэг. Харин үүний эсрэг 13 дугаар зууны үеэс барьж ирсэн шашны үйл ажиллагаанаас татвар авдаггүй уламжлалаа Манжийн хуульд үлдээж чадсан юм. Үүгээр нь Манжууд ч сүм хийдээс татвар авдаггүй байв. 

Энэ нь Монголд сүм хийд олноор байгуулагдах шалтгаан болсон. Хамгийн гол нь үүний цаана сүм хийд бараадуулан мал сүргээ, эдийн засгаа, эрчүүдээ авч үлдсэн юм. Мөн өмнө нь биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг байсан бол буддын эрдэмд шамдан оюуны хөдөлмөр дагнаж эрхэлж, ямар өндөр түвшинд хүрсэн гэдгээ харуулж чаджээ. Тухайлбал 13 дугаар Далай лам өөрөө Дандар аграмбыг зорин ирж адис абшиг авсан байдаг. 


-Бид түүхэндээ нэг хэсэг шашингүй үзлээр явж ирсэн. Орчин цагт хүссэн шашнаа шүтэж байна.Энэ тал дээр судалгаа бий юу?

-Монголчууд бидний шашин шүтэх үзэл 1990 он хүртэл хаалттай байсан. Тухайн үед судалгаа явуулахад бараг бүгд шашингүй үзэлтэй гэж хариулсан нь судалгаанаас харагддаг. Харин нийгэм солигдсоноос хойш 1994 оны судалгаа авахад 80 хувь нь шашин шүтдэг гэсэн социологийн судалгаа гарсан. Ердөө 4-хөн жилийн дараа  шүү дээ. Хүмүүс шашнаа тэр олон турш сэтгэлдээ нууж явжээ. Хэдийгээр төр нь шашнаа хорьсон ч ард түмэн нь шашинтайгаа үлдсэн гэдгийг энэ судалгаа харуулдаг. Тэдгээр шашин шүтдэг гэж хариулсан хүмүүсийн 80 хувь нь буддын шашин гэж хариулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл сэтгэлдээ нууж явсан зүйл нь бурхан шашин байж. Христийн болон голдуу гадны номлоочдын нөлөөгөөр бий болсон шашин шүтлэг 10 хувь, бөө мөргөл 3 хувийг эзэлж байлаа.

Хамгийн сүүлд хийсэн 2014 онд судалгаа хийхэд шашингүй үзэлтний тоо нэмэгдсэн. Шашин хэтэрхий их хөгжөөд ирэхээрээ хүмүүс залхдаг, түүний эерэг талаасаа илүү сөргийг нь хүмүүс олж хардаг юм байна. Энэ нь шашныг шигших, шашингүй үзлийг сонгоход хүргэдэг. 

Бурхны шашны хувьд олны шашин хэвээрээ боловч 10 гаруй хувь буурсан. Гэхдээ Христийн шашин дэлгэрч, шүтэгчид нь эрс нэмэгдээгүй өмнөх 10 хувь дээрээ байна. Гэтэл НИТХ-аас өгсөн шашны байгууллагын тоогоороо христын шашин бурхны шашны байгууллагаас 5 дахин их гардаг. Үүний нөлөөгөөр Баянхошуу, Толгойт орчмын гудамж болгонд нэг христийн сүм ажилладаг болсон. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь христийн шашиндаа үнэнч байх хяналт ихэсч байна гэсэн үг. Харин бурхан шашны сүм хийдүүд цөөхөн ч гэлээ ирэх хүмүүсийнх тоо буураагүй. Тэгэхээр шашны байгууллагын тоогоор хэмжих боломжгүй юм. 


-Шашны нэгдмэл байдалд бидэнд ямар зүйлийг өгөх вэ?

-Шашин болгон өөрийн ёс зүйн сайхан журам бий л дээ. Буддын шашныг төрөөс дэмжинэ гэснээрээ бусад шашныг алагчилж, муу гэж байгаа юм биш. Зөвхөн нэгдмэл байж ард түмэн нэг нэгнийгээ ойлгоход л чухал гэдгийг хэлээд байгаа хэрэг. Жишээ нь гэр бүлийн хүмүүс бүгдээрээ нэг эсвэл өөр шашинтай байхын хооронд ойлголцлын болоод маш олон ялгаа гарна. Энэ нь алдагдсанаас болоод монголчууд нэгдэж чаддаггүй болчихоод байна. XIII зуунаас хойш монголчуудын шашин, төрийг хослон барих бодлого нь шашны цаана мухар сүсэг биш, ном гэдэг ойлголтыг агуулж ирсэн байдаг. Төрийн хатуу үйлийг шашны номоор зөөллөнө гэсэн үг. Харин 1990-ээд оноос хойш шашны асуудал монгол төрийн бодлогын гадна үлддэг болсон. 


-Бусад оронд шашны аргаар төлөвшүүлэх аргыг хэрэглэдэг үү?

-Барууны орнуудын ихэнх нь эртнээсээ уламжлалт христийн шашинтай. Уламжлалт шашнаа дэмждэг төр нь дэмждэг түүний сургаал номыг багаас нь зааж хэвшүүлдэг. Энэ нь хүнээ зөв хүмүүжүүлэх, хүнээ нэг чигт сэтгэл, зүрхийг нь хандуулах  арга юм.Үүгээрээ тухайн улсын ард түмэн гар гараасаа барихгүй ч сэтгэл зүрхээрээ нэгдмэл байж чаддаг. Мэдээж хүнийг шашнаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэдгийг ардчилсан улс орнууд үндсэн хуульдаа тусгасан байдаг. Гэхдээ тухайн улс орон, үндэстэн болгон өөрийнхөө ард түмний эв нэгдэл, сэтгэл санааг нэгтэх байдлыг дээдлэсэн шашны бодлогыг хэрэгжүүлдэг. 

Испанид гэхэд төрийн бодлогоор хүүхэд байхаас нь католикийн шашны боловсролыг хичээлээр нь дамжуулан олгодог юм билээ. Багш нар нь улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн ном эрдэмтэй санваартнууд байдаг. Тэднийг төрөөс цалинжуулдаг системтэй. Хэрэв тухайн сургуульд өөр шашинтай хүүхдүүд явдаг бол эцэг эхийнх нь хүсэлтээр тухайн шашных нь төлөөлөгч нар нь ирж хичээл заах жишээтэй.

Азийн орнууд тухайлбал Тайланд, Мьямар зэрэг улс өөрсдийгөө бурхны шашинтай гэдгээ зарлачихсан. Түүгээрээ сэтгэл санаа нь нэгддэг учраас зөрчилдөж маргаад байх зүйл байдаггүй.


-Шашин ард түмнээ нэгтгэдэг чухал зүйл юм байна. Харин үүн дээр нэгдэж чадахгүй бол ямар үр дагавар гарах вэ?

-Хамгийн ойрхон жишээ бол оршуулга болон хуримын ёслол байна. Ийм зүйлс тохиоход шашнаасаа болж эцэг эх, эмээ өвөө нар нь хүүхдүүдтэйгээ зөрчилддөг. 

Үүнээс болоод талийгаачаа жирийн хүн шиг амар тайван ёсоор үдэж чаддаггүй. Жишээ нь ойр дотны хүн нь нас барсны дараа христийн шашинтай хүүхэд нь сүмийн найрал дуучид авчирч дуулуулдаг. Гэтэл эмээ өвөө нь лам дагуулж ирээд ном уншуулдаг, эцэг эх нь бөөгийн зан үйл хийх тохиолдол ч гарч байна. Үндсэндээ нас барсан хүнээ нэгдмэл байдлаар зан үйлээ хийх боломж хомс болж байгаа биз. 

Бас цагаан сар, хуримын ёслол дээр ч зөрчилддөг. Энэ бүхэн ард түмний сэтгэл санааны нэгдмэл байдал алдагдчихаад байгаагийн жишээ шүү дээ.  Наад захын илрэл нь энэ. Дээдлэж шүтэх зүйл нь өөр өөр болчихоор хүмүүсийн нэгдмэл байдал алдагддаг. 

Өөр нэг ойлголт нь төрөө дээдлэх ойлголт. Төр шашнаа хүндэтгэж байгаа учраас тэр олон цуглаан шашин үйл ажиллагаагаа явуулж байна. Бүх хүн сонголтоороо шашнаа шүтэцгээж байна. Гэтэл тэр олон шашны байгууллагууд төрийг дээдлэдэггүй.


-Хүндэтгэж үзэхгүй байна. Шалтгаан нь...?

-Шашинд барьсан төрийн бодлого алга. Төр шашныг хүндэтгэх гэдэг бодлогоо хэрэгжүүлээд байдаг хэрнээ ард түмнээсээ төрөө дээдлэе гэсэн хуулийн заалтаа нягталж, эргэн хардаггүй. Түүнийг хэрэгжүүлэх механизм алга. Үндсэндээ төрийн зүгээс барих шашны бодлого алдагдчихсан. Ийм учраас нэгдмэл шашны бодлоггүй. Төрийн бодлого байхгүй бол ард түмэн шашин шүтлэгийн хувьд өнчирчихдөг. Тийм учраас шашин шүтлэг маш чухал зүйл. Өнөөдөр монголчууд янз бүрийн шашин шүтэж байна. Сүүлийн үед халх эмэгтэйчүүд ч лалын шашныг нэлээн шүтэх болсон. Хүний шашин шүтэх эс шүтэх эрхэд халдах гэсэнгүй. Төрөөс заавал нэгдсэн бодлого барихын цаана монголчуудын оюун санааны дархлаа алдагдаж, үндэстний задралд хүргэдэг нарийн зүйл байдаг учраас дурьдаад байгаа юм.


-Бөө мөргөл буюу тэнгэр шүтлэгийн талаар юу хэлэх вэ?

-Монголчууд 17 дугаар зуунаас эхлээд нийтээрээ бурхны шашинтай болсон. Тэр хүртэл монголчууд бөө мөргөл шүтэж ирсэн байдаг. Бөө мөргөлийн шүтээн нь тэнгэр шүтлэг юм л даа. Судлаад үзэхээр тэнгэр шүтлэгийн гүн ухааныг авч үзвэл нүүдлийн соёл иргэншилтэй холбогддог. 

Орчин үед бөө нар хүнээс их хэмжээний зардал мөнгө шаарддаг, тэгэхгүй бол ингэнэ гэж айлгаж зовоосон зүйл сонсогдох болжээ. Энэ бол цаад жинхэнэ гүн ухааныг нь ойлгоогүйн балаг. Бурхны шашны зарим лам нар ч ялгаагүй, уралдаж байна уу гэлтэй үнэтэй цайтай машин, утас, дээл хувцас орхимжоор гангарцгаадаг болжээ. Сүсэгтнүүдтэйгээ зүй бус үг хэллэгээр хэлээр ярьчихаад буддын ном сургаал ярих нь ч байна. Бөө мөргөл, бурхны шашин аль нь ч бай, монголчуудын уламжлалт шашин. Тэр хоёрын дундах нийцлийг олж харах, цаад мөн чанарыг нь ухаарах чухал. Эдгээр цөөн хэдэн лам, бөө нар энэ хэлбэрдэлтээрээ бусдыгаа буруу, муухай харагдуулаад байна. 

Үүний цаана бас л иргэдийг шашны талаар зөв ухамсар, мэдлэгтэй болоход төрийн бодлого дутагдаж байгаа нь харагдана. Үүнийг чиглүүлэх зохицуулах хүч нь төрд л бий. Ингэсэн цагт олон нийт шашны юуг дэмжих эс дэмжихээ ойлгож авдаг. Харин сул хаячихаар эерэгээсээ илүү сөрөг үзэгдэл нь их болоод байгаа юм. Аль ч шашин бай, тэр хэлбэрдэлтийг төр л хянаж хаах ёстой. 


-Энэ цаг үе мэдлэгийн талаар ярьж байна. Гэтэл хэт мунхарсан зүйлд автах нийгмийн давалгаа ч ажиглагддаг. Баяжих гээд хэдэн мянгаараа түрийвчээ даллана гэдэг мунхарлын нэг төрөл мөн үү?

-Тэр том танхимд суудалгүй үлдэхгүй их хүн цуглаж түрийвчээ даллаж, мөнгө дуудаж байна. Энэ чинь өөрөө төрийн шашны бодлого алдагдаад байгаагийн илрэл юм. Төрийн бодлогын цаана шинжлэх ухаан байх ёстой. Өнөөдөр шашны тухай бүгд ярьдаг атлаа шинжлэх ухааны үүднээс тайлбарлаад, төрийн бодлого боловсруулъя гэхээр мэддэг нь тун ховор. Судалгааг эрдэмтэн судлаачид хийдэг. Гэтэл эрдэмтэн, судлаачдын саналыг сонсдоггүй


-Судлаачийн хувьд таны үгийг хэр сонсдог вэ?

-Сонсдоггүй гэж шууд хэлэхэд болно. Манай шашин судлалын тэнхим МУИС дээр 1999 онд байгуулагдсан. Шашныг шинжлэх ухааны үүднээс судалж байгаа цорын ганц тэнхим. Үүн дээр 2013-2014 онд Л.Гантөмөр сайдын үед МУИС-д бүтцийн маш том өөрчлөлт хийсэн шүү дээ. Тухайлбал, манай Удирдах зөвлөлийн даргаар Б.Насанбаяр томилогдонгуутаа Шашин судлалын тэнхимийг хаахаар оролдоод, бид сургалтын хөтөлбөрөө дахин дахин өөрчлөн боловсруулж хамгаалсны хүчинд Философийн тэнхимтэй нэгтгээд авч үлдсэн. Үндсэндээ манай тэнхим рүү маш их дайрсан. Ингээд философийн тэнхимтэй нийлүүлсэн.Төрд ерөөсөө шашны талаарх шинжлэх ухааны судалгаа хэрэггүй гэж хэлж байгаагийн илрэл. 

Үүнийг би төрийн шашны асуудал хариуцсан албанд шашны аль нэг талыг барьсан хүмүүс орчихоод байгаатай холбоотой гэж би ойлгодог. Тэд тодорхой нэг шашныг оруулж ирэхийн тулд шинжлэх ухааны судалгааг үгүй хийж, өнөөгийн шашны асуудал дээр харанхуй байгааг нь ашиглах оролдлого яваад байна гэж харддаг. Үүнийг төрөөс шашны бодлого боловсруулахад шашин судлаачдыг оруулах сонирхолгүйгээс харагдана. 


-Бид шинэ цаг үед аж төрж байна. Үүнийг дагаад олонхийн шүтэж буй бурхны шашин түүнийг үзэх бидний хандлага хэр өөрчлөгдөх ёстой вэ?

-Монголчууд буддын сургааль гүн ухааны үүднээс хүлээн авсан. Тэгвэл орчин цагт ёс зүйн  сургаал гэдэг үүднээс нь ойлгох шаардлага тулгарч байна. Буддын шашинд хамгийн энгийн зүйс буюу 10 хар нүглийг онцлоод, үүнийг хийхгүй бол зөв хүн болно гэж сургадаг. Хэрэв үүнийг багаас нь хүүхдүүддээ мөрдүүлээд явчихвал ирээдүйд иргэд маань зөв төлөвшинө. Энэ нь шашны сургааль гэхээс илүү хүнийг төлөвшүүлэх тухай л яриа юм. Ингэснээрээ хүүхэд багаасаа худлаа хэлэх хүний зүйлийг авах талаар ойлголт төлөвшдөг.