Америкийн алдарт жүжигчин, дуучин Мэрилин Монрогийн 1961 онд хүртэж байсан “Алтан бөмбөрцөг” шагнал АНУ-д болсон дуудлага худалдаанд 250 мянган ам.доллараар зарагджээ. “Julien's Auctions” дуудлага худалдааны газрын мэдээлснээр, ийм үнээр худалдан авсан нь энэхүү шагналыг авч байсан хамгийн өндөр үнэ аж.  

Монрогийн хувийн эд зүйлсийн дуудлага худалдаа өнгөрсөн баасан болон бямба гарагт Лос-Анжелес хотод болжээ. Хамгийн түрүүнд жүжигчин бүсгүйн унаж байсан 1956 оны  Ford Thunderbird загварын автомашин зарагдсан байна. Тус машин нь эхлээд 500 мянган ам.доллараар үнэлэгдэж байсан хэдий ч 490 мянган ам.доллараар зарагдсан байна. Дуучин бүсгүйн ажил хэргийн түнш, гэрэл зурагчин Милтон Грин түүнд энэ машиныг бэлэглэж байсан гэж үздэг аж.

Дуудлага худалдаанд мөн түүнд 1957 онд олгож байсан жолооны эрхийн үнэмлэх 10 мянган ам.доллараар, уулын болроор хийсэн ээмэг 10,2 мянган ам.доллараар, “Playboy” сэтгүүлийн анхны дугаар 32 мянган ам.доллараар тус бүр зарагдсан байна. Тус сэтгүүлийн анхны дугаарын нүүрэн дээр Мэрилин Монрогийн зургийг нийтэлсэн байдаг аж. 

Жүжигчин Мэрилин Монро янз бүрийн кинонд 30 орчим дүрийг бүтээж байжээ. Нойрсуулагч бэлдмэл хэтрүүлэн  хэрэглэснээс болж тэрбээр 1962 оны 8 дугаар сарын 5-нд Лос-Анжелес хотод нас барсан юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС