“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн тасаг 2010 оноос “Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах үнэмлэх олгох” журмыг хэрэгжүүлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. 

Мэргэшсэн жолооч гэхээр зөвхөн том оврын буюу автобус, ачаа тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарын  мэргэшил  дээшлүүлсэнийг хэлдэггүй. Жижиг тэрэг байсан ч такси үйлчилгээ эрхэлдэг бүхий л жолооч нар тус тасагт мэргэшсэн жолоочийн  шалгалт өгч, үнэмлэх авах ёстой аж.

Өөрөөр хэлбэл, B болон С ангилалын дагуу бага оврын машин жолоодож, ашиг орлого олдог л бол мэргэшсэн байх шаардлагыг тавьдаг байна. Улсын хэмжээнд 50 орчим мянган хүн мэргэшсэн жолооч болсон талаар Мэргэшсэн жолоочийн тасгийн  дарга  Б.Баярмагнай хэллээ. 

“Нисдэг машин” худалдааны төвийн  гуравдугаар  давхарт үйл ажиллагаа явуулдаг “Автотээврийн Үндэсний төв”-ийн Мэргэшсэн жолоочийн тасагт өдөрт 100 орчим хүн шалгалт өгөхөд,  ердөө 40 орчим хувь нь л тэнцдэг байна. 

Жолооч нар өөрт ойрхон, итгэмжлэгдсэн  авто сур­гуулиудад хандаж, сургал­тад 168 цаг буюу 21 өдөр хамрагдах боломжтой. Харин шалгалтаа тухайн тасагт ирж өгдөг.  Сургалтын  зардалын  тухайд  нэг  багшид  зориулсан цалин болоод ангилал дарахад 180 орчим мянган төгрөг болдог. 21 хоногоо хуваахад нэг хүнд 7000 орчим төгрөг зарцуулсан байдаг гэв. Шалгалтын хураамж 9900 төгрөг төлнө. Улмаар  шалгалтдаа тэнцсэн тохиол­долд үнэмлэхний үнэ 12500 төгрөг, тэмдэгтийн хураамжид 1000 төгрөг төлнө. Ингээд нийтдээ 23400 төгрөг төлөх аж. 

Мэргэшсэн жолооч болсноор автотээврийн сал­барт мөрддөг 65:95 гэсэн стандартын шаардлагыг хан­гана. Нөгөө талаас ажлын байраар бүрэн хангахаас гадна, ур чадвартай болдог. АНУ, Австрали, БНСУ-ууд бүгд л энэ жишгээр сургалт явуулж, шалгалт авдаг байна.  

Тестийн хувьд бүх ангил­лууд тусдаа учир шалгал­тдаа бэлтгэх, шалгалтаа өгөхөд тун ойлгомжтой байх аж. Шалгалтын хувьд  жолооч нарт нийцсэн байхаас гадна, тест,  гарын  авалга бэлтгэсэн байдаг. Шалгалтын тестед авто тээврийн салбарт мөрдөгдөж буй хууль, стандарт, дүрэм журам,  иргэний хууль, эрүүгийн хууль,  даатгалын хуулиуд багтдаг. 

Мэдээж эдгээрийг багцалсан гарын авалга,  тест,  гар утасны аппликейшнийг гаргажээ. Тиймээс жолооч нар шалгалтын  өмнө сайн  уншиж байж цахим тестээ өгөхийг тус тасгаас санууллаа. 

Сүүлийн үед цахим сүл­жээгээр “Мэргэшсэн жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн мэдээлэл бүхий зар иргэдийн дунд тархаж байгаа нь мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журмаас гадуур хууль бус үйлдэл гэдгийг мөн анхууруулав.


Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв