Улсын филармонийн Симфони найрал хөгжим Морин хуурын чуулга, “Баян Монгол” жазз найрал, рок попын дуучдын нэгдсэн “Snow melody” тоглолт  энэ сарын 28-нд болох гэж байна. Энэ удаа тус чуулгынхан  “Корпорэйт” концертын танхимд тоглох гэнэ.

Энэ удаагийн тоглолтод олны танил болсон уран бүтээлчид, морин хуурчид, үргэлж цоглог, шинэлэг жазз хөгжимчид, ур чадварын гайхамшиг симфони найрлынхан, өөр, өөрийн, дахин давтагдашгүй өнгө аясаар сонсогч олноо суудал дээр нь өндөлзүүлдэг дуучид оролцох ажээ. Бүтээлийн хувьд шинэ жилийн концерт учраас үзэгчдийн танил дотно хөгжим туурвил, найруулга, дуунуудыг сонгосон байна.

Монгол талаас вальсын хаан гэгддэг хөгжмийн зохиолч Д.Түмэнжаргалын “Дурлалын вальс”-аас алдарт С.Гончигсумлаагийн “Азийн цагаан дагина” Улаанбаатартаа өргөн барьсан хайрын цэнхэр аялгуу эгшиглэх юм. Мөн“Тройка” буюу “Гурвалсан морьд”, хацар жиндүүлэн илбэх зөөлөн цасан шамарга дүрслэх “Метель” зэрэг бүтээл туурвилаараа алдаршсан Оросын алдарт хөгжмийн зохиолч Г.Свиридовын цасан өвлийн өнгийг сэтгэлд дулаанаар мэдрүүлдэг “цэмцгэр” зохиолууд энэ үдэш тоглогдох аж.