Бусдаас онц их хэмжээний авлига авсан хэргээр шалгагдаж байсан мэргэжлийн хяналтын байцаагч Б.Баярсайхан, Э.Аззаяа нарын 25 хүнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. 

Уг хэргийг өнгөрөгч тавдугаар сард Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр 25 хүний заримынх нь хэргийг хэрэгсэхгүй болгож, заримд нь торгууль ногдуулсан юм. Тодруулбал, Э.Аззаяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Баярсайханд торгууль оногдуулсан. 

Нийслэлийн прокурорын газраас анхан шатны шүүхийн уг шийдвэрийг эсэргүүцэн дараагийн шатны шүүхэд эсэргүүцэл гаргаад байсан юм.

Харин өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 19 хүний хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, зургаан хүнд холбогдох хэргийг прокурорын хяналтад буцаан, дахин зүйлчлүүлэхээр болжээ. 

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн талаар хуралдаан даргалагч, ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр танилцууллаа.

Тэрбээр “Давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэл үндэслэлгүй болсон гэж үзсэн. Мөн шүүгдэгч Б.Баярсайханд оноосон ял шийтгэл хөнгөдсөн. Авлига авсан мөнгөн дүн өндөр байгаа. Энэ үйлдэлд нь анхан шатны шүүхийн шийтгэл тохироогүй гэж прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзлээ. 

Прокурорын эсэргүүцэлд зааснаар энэ хэрэгт холбогдсон хүмүүст анхан шатны шүүх үйлдэл, оролцоо, хахуульд авсан мөнгөний хэмжээ зэргийг харгалзан үзэлгүйгээр адил хэмжээгээр буюу 2.7 сая төгрөгөөр торгосон нь шийтгэлийг ялгамжтай оногдуулах зарчмыг алдагдуулсан гэдгийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны үед нэр бүхий зургаан шүүгдэгч Цагаанбаатар, Хандсүрэн, Даваасүрэн, Нарангэрэл, Онон, Бат-Оргил нарт ял сонсгохдоо хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэдгээр ял сонсгосон.  Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн этгээдий 22.5.1-д зааснаар ял шийтгэл оногдуулсан. Хэргийн зүйлчлэлийн тухайд хуулийн этгээдийн өмнөөс гэж татан оролцуулж, ял сонсгосон байхад нь шууд хувь хүн рүү шилжүүлж зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж үзсэн. Ингэснээр ялын хувьд эрс хүндэрсэн. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллааны шатанд прокуророос сонсгосон ялыг анхан шатны шүүх шийдэхдээ хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар зүйлчилсэн. 

Эдгээр нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх хянаж үзээд 25 шүүгчдэгчийн заримынх нь хувьд мөрдөн шалгах ажиллагаа дахин явуулах шаардлагатай, заримыг нь анхан шатны шүүхийн шатанд шийдвэрлэх боломжтой нөхцөл байдал үүссэн. 

Тиймээс заримынх нь асуудлыг анхан шатны шүүхээр, заримынх нь хэргийг тусгаарлаад, прокурорт буцаагаад, дахин яллах дүгнэлт үйлдүүлсний дараа анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэл байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байна. 

Хоёрдахь заалтаар Б.Баярсайхан, Э.Аззаяа, Бүрэнтөгс, Элдэв-Очир нарын 25 хүнд холбогдох хэргээс Бат-Оргил, Онон, Цагаанбаатар, Хандсүрэн, Даваасүрэн, Нарангэрэл нарт холбогдох хэргийг тусгаарлаж байна. 

Гуравдугаарт Б.Баярсайхан, Э.Аззаяа, Бүрэнтөгс, Элдэв-Очир нарын 19 хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж, Цагаанбаатар нарын зургаан хүнд холбогдох хэргийг прокурорт буцааж байна. 

Мөн шүүгдэгч Б.Баярсайхан, Э.Аззаяа нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхийн зэрэгцээ Монгол Улсын хилээр давахыг хориглох таслах сэргийлэх арга хэмжээг нэмж авч байна

Бусад шүүгчдэгч нарын тухайд анхан шатны шүүхээс гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ” гэв.