Хан-Уул дүүрэгт барьж буй “VIP” зочид буудлын барилга хазайлттай байна гэсэн мэдээлэл өчигдөр цахимд цацагдсан ч, мэргэжлийн хяналтын байгууллага үгүйсгэлээ.

Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар "Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Яармагийн эмнэлгийн ард баригдаж буй “Скайциркл” ХХК-ийн захиалгатай “Сант-Од” ХХК-ийн зураг төслийн дагуу “Голомт консторакшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа “VIP” зочид буудлын барилга угсралтын байдалд Мэргэжлийн хяналтын газраас 05 дугаар сарын 21-ний өдөр хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар уг барилга нь Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0001212 008/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байв. 

Өчигдөр буюу энэ сарын 07-нд South NL32, South DSZ3, Sokkia SET210, South NTS-362R, South galaxy G1, South DSZ2, Sokkia powerset SET3000 маркийн электрон багаж хэрэгслээр хэмжилт хийхэд барилга хазайлтгүй, хэвийн байна" хэмээн мэдээллээ.