Мэргэжлээ сонгоно гэдэг амьдралдаа хийх хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм. Энэ бол нэг удаа болоод өнгөрөх зүйл биш, харин бүх л бүтэн процесс байдгийг санах нь чухал. Эцэг эх, багш, найз нөхөдтэйгээ ярилцаж, арга хэмжээ, сургуулийн фейрүүдэд оролцох, судлах гэх зэргээр мэргэжлээ сонгоход ихээхэн цаг хугацаа, хичээл зүтгэл гардаг. 

Мэргэжлээ амжилттай бөгөөд зөв сонгосон хүн насан туршдаа хамгийн том хөрөнгө оруулалтаа хийх эхний алхам болж байгаа юм. 


Тиймээс дараах зөвлөгөөг анхаарч үзээрэй. 

1. Ажил мэргэжлийн жагсаалт гаргах 

Төгсөх ангийн сурагчид голдуу цаашид юу хийхийг хүсч буйгаа ерөнхийд нь тодорхойлсон байдаг. Сонирхож буй ажил мэргэжлийн жагсаалт гаргах нь олон талын давуу талтай. Үүнд хүүхэд байхаас хүсдэг байсан ажил мэргэжил, одоо хүсч буй ажил мэргэжил гээд сонирхож буй бүх ажил мэргэжлээ оруулах хэрэгтэй. 


2. Ажил мэргэжил бүрийг судлах 

Жагсаалт гаргасны дараа жагсаалт дээрх бүх ажил мэргэжлийг судалж үзэх хэрэгтэй. Энэ нь гэрийн даалгавар, бие даалт мэт албан ёсны байх албагүй. Харин ч зугаатай ажил байх болно. Мэргэжлээ судлахад мөн их ажил болохгүй. Ирээдүйд эзэмшиж болох мэргэжлийнхээ тухай нийтлэл уншиж, зөвлөгөө мэдээллүүд аваарай. Мөн тухайн ажилд тохирсон ажлын зар харах нь ч үр дүнтэй. Тухайн мэргэжил нь цаашид ямар карьерийн замналаар явдаг, ямар чадвар шаарддаг гээд маш их мэдээллийг ажлын зараас олж авч болно. 


3. Өөртөө үнэлгээ хийх 

Карьер сонгох эцсийн шийдвэр сурагчид өөрт нь, өөрийн сонирхол, хобби, зан төлөв, таашаалд суурилах ёстой. Тухайн карьерын сонголтыг өөртөө тохирч буй эсэхийг мэдэхийн тулд дараах асуултуудыг өөрөөсөө асуувал зүгээр. 

- Би 10 жилийн дараа хаана байх вэ? Өөрийгөө дэлхийгээр аялж байгаагаар эсвэл оффист ажиллаж буйгаар харж байна уу. Өөрийгөө тамирчин болж байгаагаар харж байна уу эсвэл гэрээсээ ажиллах бие даасан бүтээлчээр харж байна уу? Энэ бүгдийг эргэцүүлж үзсэнээр жагсаалт дахь сонголтоос хасахыг нь хасч, үлдээхийг нь үлдээх боломжтой болно. Мөн өөрийгөө өсч хөгжиж буйгаар харж төсөөлж чадахгүй байгаа ажил мэргэжлээ ч таних юм. 

- Миний сонгосон карьерт боловсролын зэрэг шаардагдах уу? Карьераа сонгосны дараагийн алхам бол боловсролын зэрэг горилох шаардлагатай эсэх юм. Их сургууль, коллежийн зэрэг эзэмшсэнээр илүү дээр бас олон боломж байх уу? Их сургууль сонгосон карьерт бэлдэж чадах уу? Хэрэв тийм бол яаж? 

- Надад шаардлагатай чадварууд бий юу? Энэ бол маш энгийн асуулт юм. Жишээлбэл, зохиолч болохыг хүсч байвал ахисан түвшний бичгийн чадвар шаардлагатай. Хэрвээ дуучин болохыг хүсч байвал сайхан хоолойтой байх. Бүх карьерын замнал бүр тодорхой багц чадварыг шаарддаг. Тиймээс ямар ч карьер сонгосон байсан зөв чадвартай байх нь хамгийн чухал юм. Гэхдээ хүн бүр ижил чадвар эзэмшдэггүйг санаарай. Өөртөө сайтар үнэлгээ хийж, тухайн карьерт тохирсон чадвар байгаа юу, эсвэл хөгжүүлэх боломжтой юу гэдгийг бодож тооцоолох хэрэгтэй юм. 

- Би хүмүүстэй ажиллах, харилцах дуртай юу? Харилцаа, хамтын ажиллагаа нь бараг бүх карьерийн гол хэсэг бөгөөд бүх ажил мэргэжил бага ч гэлтгүй харилцааг шаарддаг. Өөрийгөө нээлттэй эсвэл хаалттай харилцаатай хүн эсэхээ тодорхойлох нь ажлын тааламжгүй байдлаас ч мөн сэргийлэх давуу талтай. 

- Миний сонгосон карьер санхүүгийн үр өгөөжтэй юу? Карьер сонгох нь хоёр хүчин зүйл рүү шууд очдог нь боловсрол, санхүү юм. Ерөнхийдөө өндөр цалинтай ажил нь илүү их сургалт, хичээл зүтгэл, туршлага шаарддаг. Бодит байдал дээр маш их цаг хугацаа шаардана. Нөгөөтэйгүүр богино хугацааны сургалт нь дундаж цалинтай ажилд хүргэдгийг санаарай. Сонголтоо хийхдээ их сургууль, коллежийн зардлаа ч тооцож үзэхийг зөвлөж байна. Энэ үед харин сонгосон сургууль, боловсролын зэрэг нь ирээдүйн карьерийн боломжийг улам тэлэх эсэхийг бодож үзээрэй. 


4. Жагсаалтаа хумих 

Дээрх бүх алхмыг хийсний дараа, жагсаалтаа улам хумих шаардлагатай болно. Жагсаалтаа дахин нэг хараад дээрх судалгаанаас олж мэдсэн зүйлээрээ жагсаалтаас зарим мэргэжлээ хасах хэрэгтэй. Бидний энд хүрэх зорилго бол жагсаалтад 5-10-хан л ажил мэргэжилтэй үлдэх юм. Үүний дараагаар жинхэнэ карьераа хэрхэн сонгох вэ гэсэн асуултад хариулах боломжтой болно. 

Эцсийн сонголт нь:

  1. Хамгийн их сэтгэл ханамж өгөх ажил, 
  2. Өөрийн чадварт нийцэх 
  3. Ирээдүйн зорилго, зорилтуудтай нийцэх гэсэн шаардлагыг хангах ёстой. 


5. Карьерын төлөвлөгөө гаргах 

Карьер бүр өөр чадвар, авъяас шаарддаг. Эцсийн шийдвэрээ гаргах мөчид аль хэдийн тухайн карьерт тавигдах шаардлагын тухай мэдсэн байх ёстой. Энэ үе шатанд харин өөрийн зорилгодоо хүрэхэд туслах карьерын төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй юм.