Тун удахгүй ЭЕШ болно. Таны хүүхэд ажил мэргэжлээ сонгосон уу. Сурагч та эзэмших мэргэжилдээ итгэл төгс байна уу? 

Хүсэл сонирхлоо аль хэдийн таньж мэдэн түүчээлж яваа шинэ үеийн төлөөлөл олон.

Гэвч мэргэжил сонголтоо зөв хийгээгүйгээс сэтгэл дундуурхан ажиллаж, өөр чиглэлээр сурах байсан юм даа гэсэн бодол тээн сэтгэл гонсгор яваа нь цөөнгүй. Ажилд авахаар ярилцлагад урихад эсвэл бүтээмж муутай ажилтантайгаа ярилцахад иймэрхүү хариулт байнга цухалздаг талаар хүний нөөцийн ажилтнууд хэлж байна. 

Эсвэл сэтгэл хөдлөлөөр сонголт хийж хөдөлмөрийн зах зээл дээр илүүдэлтэй мэргэжил сонгодогоос ажилгүй үлддэгийг доорх тоо батална. Хувийн их дээд сургууль төгсөгчдийн 44.2 хувь нь бизнесийн удирдлагын чиглэлээр төгсдөг. Энэ нь бараг 2 төгсөгч тутмын 1 нь энэ чиглэлийн мэргэжил эзэмшиж байгааг харуулна. Яг үүнээс л болж ажил олгогч нар ажилтнуудын эрэлд хатаж, залуус нь хүссэн ажилдаа орж чаддаггүй байх нь. 

Хөдөлмөрийн зах зээл дээрх ажилгүй иргэдийн 61 хувь нь 15-34 насны залуус, тэдний 82 хувь нь 45-аас доош насныхан байгаа нь үүнийг батлах бас нэгэн жишээ билээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс 2017 онд хийсэн судалгаанд их, дээд сургууль төгсөгчдийн 60 гаруй хувийг бизнесийн удирдлага, багш, боловсрол судлал, олон улсын харилцаа, анагаах ухаан, бүх төрлийн инженерийн чиглэлээр төгсөгчид эзэлж байна.

Тэгвэл ЕБС-иа төгсөгчид ажил мэргэжлийн чиг баримжаагаа хэрхэн зөв олох ёстой вэ?

Судалгаанаас үзэхэд 65-70 насласан хүн амьдралынхаа бараг 40 жилийг өөрийн сонгосон мэргэжилдээ зориулдаг байна. Иймээс мэргэжил сонгох гэдэг нь санамсаргүй зүйл байх ёсгүй.

Карьер хөгжлийн төв хоёр жилийн өмнө хүүхдүүд ажил мэргэжлээ хэрхэн сонгодог талаар судалгаа хийжээ. Судалгаанд 1000-аад хүүхэд хамрагдсан бөгөөд 80 хувь нь өөрсдийн хүсэл сонирхолд тулгуурлаж мэргэжлээ сонгосон гэж итгэлтэй хариулсан байна. Харин сонголтод нь нөлөөлсөн зүйлийг гэр бүл, найз нөхөд эсвэл дуртай хичээл гэсэн бөгөөд сонгосон мэргэжлийнх нь талаарх асуултын ихэнхэд бүдэрчээ. 

Тухайлбал,

✖ ЭЕШ-ын оноонд тохируулан мэргэжлээ сонгодог

✖ Найз нөхдөө дуурайсан ажил мэргэжлийн сонголт хийдэг

Хүмүүсийн амаар сонголт хийдэг. Нийгмийн захиалга гэж болно. Ийм ажил хийвэл сайхан амьдарна гэсэн итгэлээр хүсээгүй ажил мэргэжил сонгодог.

✖ Сургуульгүй үлдчих вий гэсэн айдас. Үеийнхэн нь оюутан болж байхад ганцаараа их дээд сургуульд орж чадахгүй үлдэж гадуурхагдахаас ичнэ. Ийм байдалд орохгүй гэж санаа зовсондоо ямар ч хамаагүй мэргэжил сонгодог.

✖ Энэ мэргэжлийг эзэмшчихвэл хүмүүс өөрийг нь мундаг хүн гэж харна гэсэн үүднээс сонголт хийдэг. Жишээ нь дипломатч гэхээр уулга алдана гэж ойлгодог. 

✖ Их дээд сургуулийг нь сонгодог. Бүр багаасаа МУИС, ШУТИС-д орно гэж ярьдаг хүүхдүүд байдаг. Сургуулийг нь сонгосон болохоос мэргэжилдээ ач холбогдол өгөөгүй гэсэн үг.

Үүнээс товчхон дүгнэлт хийж болно. Дөнгөж сургуулийн ширээний ардаас гарч буй хүүхдүүд маань насан туршийн амьдралынхаа хамгийн чухал сонголтоо хийх насанд ирсэн ч цэцэрлэгийн хүүхдүүд шиг эмч, багш болно гэсэн гэнэхэн ойлголтоор ажил мэргэжлээ төсөөлж яваа аж. Гэхдээ энэ насныхныг буруутгах гэсэнгүй. Харин боловсролын тогтолцоо нь өөрөө хүүхдийг хичээлээр “нүдэхээс” биш  мэргэжлийн чиг баримжаагаа олоход тусладаггүй, өөрийгөө танин мэдэх аргад сургаагүй, эцэг эхчүүд ч хүүхдүүддээ зөв талаас нь чиглүүлдэггүйг харуулж байна. 

Ойрхон жишээ татая л даа. Өмнөд Солонгост хүүхдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хичээлийг танин мэдэхүйн аргад суурилсан хөтөлбөрөөр танилцуулдаг.  Дөнгөж 3 дугаар ангиас нь өсөж хөгжиж буй бяцхан ертөнцийн хүсэл мөрөөдлийг нь тэтгэж баяжуулдаг. Мэдээж танин мэдэхүйн аргаар ажил мэргэжил танилцуулах хэлбэрүүд бий. Тухайлбал музейгээр аялуулдаг. Мөн үйлдвэрүүд, шинжлэх ухааны академийн салбаруудаар зочилуулж тэдэнд ажил мэргэжлийн анхны чиг баримжааг бяцхан оюунд нь суулгаж эхэлнэ.

Нэлээн хэдэн удаагийн энэхүү аялал нь хүүхдэд өөрийгөө танин мэдэх, юунд дуртайгаа ойлгох боломж олгодог. Дунд ангиас нь тэрхүү хүслийнх нь дагуу дугуйлан секц сонгуулан хичээллэж, ахлах ангид ажил мэргэжлийнхээ дагуу хичээлүүд ордог гэдгийг Боловсрол судлаач Г.Төмөрзаяа дурьдлаа. 

Японд 8-12 дугаар ангид нь мэргэжил сонголтынх сонирхлыг нь тодорхойлох 5 удаагийн сэтгэл зүйн сорил заавал авдаг. Сонжоо мэт бөглөх уг асуулга нь хувь хүний зан чанар, авьяас чадвар, онцлогтоо тохируулан ажил мэргэжлийн сонголтоо хийх боломжийг олгодог. Энэ хэлбэрийн асуумж сэтгэл зүйн тестүүдийн давуу тал олон. Тухайлбал би ийм зүйлд авьяастай байж тэр мэргэжлийг буруу сонгожээ гэж хожим амаа барихгүй байхад л тусална гэсэн үг. Асуултууд тухайн хүний зан чанар, хувь хүний онцлогийг тодруулдаг учраас сонирхлуудыг нь илчилдэг байна.  Жишээ нь дизайны чиглэлээр тухайн хүүхэд мэдлэггүй ч байж болно гэхдээ асуумжаар гараад ирвэл хөгжүүлэхэд л маш хурдан суралцдаг гэнэ.

Энэ чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа газрын нэг нь Карьер хөгжлийн төв юм. Карьер хөгжлийн төвийн захирал, JCI Монгол байгууллагын 2019 оны Дэд Ерөнхийлөгч Д.Мөнхнаранаас ажил мэргэжлийн чиг баримжааг залуус хэрхэн олж авч байгаа болон тестийн аргын ач холбогдлын талаар тодрууллаа. Тэрбээр,

“Энэ бол 30-аад жилийн өмнө анх Франц улсад, европ тивд хэрэглэгдэж ирсэн арга. Бид технологийн дэвшлийг ашиглан өөрийгөө нээж хөгжүүлэхийг хүссэн хүн бүрт зөвлөж Монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой. Хүүхдийг багад нь авьяас чадвар сонирхолд нь тохируулан сонгож хөгжүүлэх ёстой. Үүнд энэхүү шинжлэх ухааны үндэслэлтэй аргыг эрт ашиглах тусам тэд өөрийгөө танин мэднэ. Яагаад гэвэл тестийн асуултад зөв буруу гэсэн хариулт байдаггүй, сонирхлыг нь нээж өгдөг. Ингээд эцсийн дүгнэлтэд нь тулгуурлаад ямар ажил мэргэжил сонгох нь гараад ирдэг. Жишээ нь нэг эцэг эх хүүхдээ олон улсын харилцаагаар явуулах сонирхолтой, өөрөө хараахан мэргэжлээ сонгоогүй хүүхдийг тестелж үзэж байсан. Үр дүнд нь тухайн хүүхэд уран сайхны сэтгэлгээ сайтай, бичих чадвартай гэж гарсан. Энэ онцлог нь тохирсон маш олон ажил бий. Тэр хүүхэдтэй хоёулхнаа ярилцахад эцэх эхээсээ нууцаар олон жил блог хөтлөсөн, түүгээрээ мөнгө олдог гэдгээ ярьж байсан удаатай. Зөвхөн манай төвд гэлтгүй олон улсын төвүүдэд хандаж сэтгэл зүйн сорилын тест өгөхийг зөвлөе. Тест өгдөггүй юмаа гэхэд ажил мэргэжлийг судлуулж хүүхдүүдэд мэргэжлийн чиг баримжаагаа олоход нь тусламаар байна. БСШУСЯ, ШУА-ийн 22 хүрээлэн хамтран ажиллаж Нээлттэй өдрүүд зохион байгуулж хүүхдүүдэд мэргэжил танилцуулах томоохон аяныг хийж заншмаар байгаа юм. Эмч болно, хүнд эмчилнэ гэж мөрөөддөг ч яг чухам юуны эмч болохоо, яг ямар ажил гэдгийг ухаараагүй яваа нь олон. Одоогийн хүүхдүүд өөрсдийнхөө хүсэл мөрөөдлөөр сонголт хийдэг болсон. Гэвч бид тэдэнд ирээдүйн ажил мэргэжлийнхээ чиг баримжааг олоход бүр багаас нь анхаарч, чиглүүлмээр байна. Багш нарт санал тавиад мэргэжил сонгох хичээлүүдийг оруулахаар хүүхдүүдийн нүд гэрэлтээд явчихдаг. Багаасаа ажил мэргэжлээ сонгочихсон, сонголтдоо бат итгэлтэй хүүхдүүд бий. Тэдний ард эцэг эхчүүд нь багаасаа зөв чиглүүлж, хүсэл сонирхолд нь тааруулж хөгжүүлсэн нь анзаарагддаг. Манай залуусын ихэнх нь ажил мэргэжлийн чиг баримжаагаа хагас дутуу олж аваад аль нэг их сургуульд суралцаж байгаад гадагшаа явахын хүслэн байдаг. Магадгүй гадагшаагаа явж суралцаж тэндээ ажиллаж болох юм. Гэхдээ тухайн хүн тэр том компанийн нэг ширхэг эд эс шүү дээ. Харин эх орондоо эргэн ирээд ажиллавал үзүүлэх нөлөө нь хэд дахин их. Тиймээс би эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хүсэл сонирхлыг нь нарийн олж таниад эсвэл тэдэндээ өөрийг нь таних боломжийг олгосны дараа ажил мэргэжлээ сонгуулаасай гэж хүсдэг. Магадгүй гадагшаа суралцахаар яваа бол хүүхдүүдээ эргэж ирээд эх орондоо ямар хэрэгтэй ажил мэргэжил эзэмших гэж байгааг нь, тэр улсаас аль өнгөтэй өөдтэй ноу-хауг нь сураад ирээрэй гэдгийг сайтар ойлгуулж цэнэглээд явуулмаар байна” гэв.

Мэргэжлийг чиг баримжаагаа олоход зан чанар, оюуны чадамж, сонирхолд нь үндэслэсэн сонголтын зөвлөх нь чухал байх нь. Харин сэтгэл зүйн талаас нь "Мэргэжил сонголт таны амьдралыг шийднэ" номын зохиогч, сэтгэл зүйч Э.Баярмаагаас тодрууллаа. Тэр ч бас өөрийн онцлогтоо тулгуурлаж ажил мэргэжлээ сонгох нь хамгийн чухал гэдгийг дурьдаж байна. Мөн

"Авьяасгүй, чадваргүй хүн гэж үгүй. Харин мэргэжлээ зөв сонгосон уу, буруу сонгосон уу гэдгээс бүх зүйл шалтгаална. Өөрийгөө таниагүйгээс өөрийн онцлогтоо огт тохироогүй мэргэжил сонгосон бол хичнээн зүтгээд ч амжилтад хүрэхгүй байх магадлал өндөр. Жишээ нь зарим хүн хичнээн их хичээсэн ч сонгосон ажилдаа тааруухан мэргэжилтний тоонд ордог. Тэд чадваргүй хүмүүс биш. Харин өөрийгөө таньж чадаагүй учраас салбараа буруу сонгосон хүмүүс. Салбараа буруу сонгосон бол хичнээн зүтгэсэн ч амжилтанд хүрэх хэцүү. Гэтэл зарим хүн хичээл зүтгэл бага гаргасан ч амжилтанд хүрч бусдыгаа гайхан шагширтал онцгой байж чаддаг. Тэд сонгосон мэргэжилдээ эзэн болж тухайн салбартаа тэргүүлэгчдийн тоонд ордог. Тэд бусдаас онцгой төрсөн хүмүүс биш. Харин тэд сонголтоо зөв хийсэн хүмүүс. Өөрийн онцлогт тохирох салбараа зөв олсон гэсэн үг. Өөрийн онцлогтоо тулгуурлаж сонголт хийсэн хүмүүс үргэлж салбартаа шилдгүүдийн тоонд ордог." гэсэн юм. 

Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээр ойрын 5 жилд ЭРЭЛТТЭЙ байх мэргэжлийн жагсаалт:

  1. Маркетингийн менежер

  2. Мэдээлэл технологийн мэргэжилтэн

  3. Өндөр зэрэглэлийн тогооч

  4. Барилгын инженер

  5. Авто барилгын инженер

  6. Гоо сайхны мэс засалч

  7. Уул уурхайн инженер

  8. Архитектор

  9. Геологич

  10. Төслийн менежер

Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээрх ИЛҮҮДЭЛТЭЙ мэргэжлийн жагсаалт:

  1. Хуульч

  2. Эдийн засагч

  3. Нягтлан бодогч, санхүү

  4. Түүхч, философич, улс төр судлаач

  5. Сэтгүүлч, нийгэм судлаач, бизнесийн удирдлага

Олон улсад эрэлттэй байх мэргэжлийн жагсаалт:

  1. Шүдний эмч

  2. Сувилагч

  3. Эм зүйч

  4. Статистикч

  5. Хиймэл шүдний эмч

  6. Нойрсуулагч эмч

  7. Компьютерийн систем, мэдээллийн технологийн мэргэжилтэн

  8. Эх барих эмч

  9. Эрүү, нүүрний гажиг заслын эмч

  10. Хүүхдийн эмч гэсэн мэргэжлүүд байна гэж 2017 онд НЗДТГ-аас гаргасан гарын авлагад дурдсан байна.