УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр болсон намынхаа Бага хурлын талаар өнөө өглөө Төрийн ордонд мэдээлэл хийсэн.

Тэрээр мэдээллийнхээ үеэр "Бага хурал дээр намын нөхөд маань бүх буруу зүйлийг над руу чихэж ярьсан. Мөн намайг УИХ-ын даргын албан тушаалаа өгөхийг шаардсан. Би энэ албаа хууль журмынх нь дагуу цаг нь болохоор өгнө. Өчигдөр Бага хурлын үеэр Ерөнхий сайд, манай намын дарга У.Хүрэлсүх хоёулахнаа уулзаж ярих хэрэг байна хэмээгээд бид 2 уулзсан.

Уулзалтын үеэр У.Хүрэлсүх энэ яриа зөвхөн та бид хоёрын дунд үлдэнэ хэмээгээд намайг өөрөө албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчих гэсэн. Би боломжгүй гэдгээ ч хэлсэн. Бас "М.Энхболд та ажлаа өгчих, би ч бас өгье" гэсэн саналыг надад тавьсан. Би хэн нэгний албан тушаалтаа барьцаж, хэн нэгний албан тушаалыг барьцаалаад огцрохгүй байгаа юм биш. Би хууль журмын дагуу бүх зүйл ил тод, үнэн зөвөөр шийдэгдэхийг хүлээж гэдгээ ч хэлсэн.У.Хүрэлсүх энэ яриагаа дундаа үлдээнэ гэчихээд өөрөө яриад л явчихаж байна лээ" хэмээлээ.