Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг огцруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболд "Сүүлийн үед над руу дайрах, гүтгэх, доромжлох явдал хэр хэмжээнээс хэтэрч байна. Бүр гэр бүл, үр хүүхэд рүү минь ч орлоо. Би төрийн ажлыг хуулийн дагуу явагдах ёстой гэж боддог. Цаг хугацаа үнэн, мөнийг нь тогтоох байх.

УИХ-ын 40 гишүүн намайг огцрохыг шаардсан албан бичиг өгсөн. Би тус албан бичгийг хууль эрх зүйн үндэслэлтэй эсэхийг нь хэлэлцүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо УИХ-ын даргыг огцруулах 5 үндэслэлийн аль нь ч байхгүй учир хэлэлцэх боломжгүй гэж үзсэн. Ерөнхийлөгч УИХ-ын даргыг огцруулах нэмэлт хуулийн төсөл өргөн барьж буй нь үүнийг баталж байна. Би хуулийн дагуу удирдлага болсон. Газрын асуудал зэрэг олон асуудалд буруутгах үндэслэл байвал гаргаад ир. Шалгах хууль, хяналтын байгууллагууд нь байна. Газартай холбоотой гэх юм бол УИХ-ын гишүүн Л.Болдод би "Бодь тауэр"-ийнх нь газрыг өгсөн. Надаас худалдаж авсан нь хаана байна.

Надад УИХ-ын даргаас огцрохгүй, дараад, хойшлуулаад байгаа зүйл алга. Би Ерөнхийлөгчийг УИХ-ын даргыг огцруулах хуулийн төсөл оруулж ирснийг зөв гэж бодож, дэмжиж байна" хэмээлээ.