УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томиллоо.

Тус албыг хашиж байсан Ц.Цолмон өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгчээ. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар  УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилох санал гаргасан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд "УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цолмон өргөдлөө өгч, Л.Өлзийсайхан нэр дэвшиж буй юм байна. Л.Өлзийсайханыг дэмжиж байна. Сайн ажиллаарай. Өнөөдрийг хүртэл Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цолмонгийн талаар би хэдэн үг хэлье. 

Энэ залуу бол Төрийн захиргааны хууль зүйн асуудал хариуцсан төв байгууллагад дороос нь газрын дарга хүртэл 9 жил мэргэшиж ажилласан. Хууль зүйн салбартаа бол тодорхой түвшинд бэлтгэгдсэн, мөн онолын түвшний мэдлэг боловсрол эзэмшсэн, Монголын төрд шат дараалан бэлтгэгдсэн хүн юм. Энэ залуугийн УИХ-д, УИХ-ын Тамгын газар хийсэн ажлыг ажлаасаа чөлөөлөгдөж буй энэ үед хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Хэн нэгнийг хар бороор буддаг шиг энэ залууг битгий тэгээсэй гэж бодож би үүнийг хэлж байна. 

Ц.Цолмон нь УИХ-ын дарга Г.Занданшатар таны санаачилсан зөвлөлдөх ардчиллын санал асуулга явуулах энэ хуулийг баталж, амьдрал дээр бодит байдлаар хэрэгжүүлж ажилласан хүн. Үндсэн хуулийн талаар улсын хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, маш олон үнэтэй санал, материалуудыг бий болгосон. УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахын төлөө бүх боломж, бололцоогоо дайчилж ажилласан. 

С.Бямбацогт нарын гишүүдийн санаачилсан дэгийн хуульд орсон өөрчлөлтийн дагуу өнөөдөр бид бусдын өмнөөс биш зөвхөн өөрөө санал өгч, ирцээ бүрдүүлж буй тоног төхөөрөмжийг өөрчлөх, шинэчлэх ажлыг хийж чадсан. Мөн Төрийн ордоны А, Б танхим болон чуулганы танхим дахь хурал 15 улсын хэл дээр синхрон орчуулга хийх боломжтой техникийн бололцоог бүрдүүлсэн. Мөн 2016 оны хүнд хэцүү үед УИХ, Засгийн газраас гаргаж байсан хэмнэлтийн горимд шилжих шийдвэрийг энэ хүн хэрэгжүүлж, УИХ-ын Тамгын газрын орон тоо бүтцийг шинэчилж, 10 хувиар бууруулж, цомхон, чадварлаг хамт олонтой ажиллах санаачилгыг гаргасан. Удирдаж ажилласан хамт олныхоо нийгмийн асуудалд анхаарал тавьсан юм билээ. Энэ мэт багагүй зүйлийг санаачилж, ажилласан хүн юм" хэмээлээ.