УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар өнөө өглөө УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын тогтоолыг УИХ-ын даргад өргөн барьсан.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга М.Энхболд дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлж, УИХ-аар баталсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хууль өнөөдрөөс мөрдөгдөж эхэлж байна. Сая 20 минутын өмнө УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх хүсэлт тавьсан тогтоолын төслийг надад өргөн барилаа. Би хүлээж авлаа. 

Энэ асуудлыг яаралтай гормоор хэлэлцэх хуулийн дэгтэй. Яаралтай горимоор хэлэлцэнэ гэдэг нь УИХ-ын даргын зөвлөл хэлэлцэж яаралтай хэлэлцэх журамд оруулдаг захирамж гарч байж энэ асуудал шийдэгддэг. Энэ асуудлыг хэрхэн яаж хэлэлцэх вэ гэдэг талаар өнөөдөр 13.00 цагаас УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, эцсийн шийдвэрээ гаргана. Мөн уг асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай саналаа солилцсон. Өнөөдрөөс хойш хамгийн наана чуулган хуралдуулах өдөр бол ирэх мягмар гараг байна. Энэ өдрийн 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдуулж, 10 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бодол саналтай байгаа талаар санал бодлоо солилцсон. 

УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг ирэх мягмар гараг буюу 29-ний өдөр хэлэлцэх гээд байгаа шалтгаан нь өөрчилсөн хуулийг Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээр хуулийг хэрэглэж эхэлдэг хуультай. Тус сэтгүүлийн эхийг өчигдөр хэвлэлийн байгууллагад өгсөн. 28-нд хэвлэгдэн гарна. 

Мөн энэ асуудлыг дөнгөж сая өргөн барьсан учраас өнөөдөр хэлэлцэх асуудлын хуваарьт ороогүй учраас шууд хэлэлцэх нь дэгийн хууль зөрчсөн асуудал болно. Тиймээс хуулийн дагуу 29-ны өдөр хэлэлцье. 

Надад энэ албан тушаалтай зууралдаад байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу, хуульд заагдсан үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөхөд болохгүй зүйл байхгүй. Өмнө нь хэлж байсан.

Уг асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж удахгүй болох гэж буй сар шинийн баярын наана УИХ-ын шинэ дарга томилогдож, төрийн ёс жаягийн дагуу төрийн гурван өндөрлөг олон түмэнтэйгээ золгож, мэндээ мэдэлцэх нь зөв. Тиймээс дараагийн УИХ-ын дарга томилогдох 3-4 хоногийн хугацааг бодолцож ирэх мягмар гарагт чуулганыг хуралдуулах саналтай байна. Хуваарийн дагуу бол пүрэв гарагт хуралдана. Тэгэхээр 2 хоногоор нааш нь татах захирамж гаргая гэсэн бодолтой байна" хэмээн мэдэгдлээ.

УИХ-ын даргын мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.