БНХАУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэгч “Huawei” компанийн өндөр албан тушаалтан Мэн Ваньжоуг шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг гаргахгүй байхыг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч АНУ-д уриалсан байна.

Даваа гарагт Канадын “Globe” болон “Mail” сонинд мэдээлснээр, М.Ваньжоуг шилжүүлэн авах хүсэлтийг АНУ албан ёсоор Канадын эрх баригчдад тавих гэж байгаа ба АНУ уг хүсэлтийг гаргах сүүлийн хугацаа энэ сараар эцсээр дуусгавар болох ажээ.

“Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг АНУ-аас Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөн хэрэгт буруутган АНУ-ын эрх баригчдын хүсэлтээр Канадад өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр баривчилсан билээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдэхдээ, АНУ болон Канадын талууд хэрэгтэн шилжүүлэх хоёр талын гэрээгээ зүй бусаар ашиглаж, БНХАУ-ын иргэний аюулгүй байдал болон хууль ёсны эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэжээ. Мөн баривчлах зөвшөөрлөө цуцалж, гаргасан алдаагаа залруулахыг АНУ-аас шаардсан байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, AP