МОНТЕВИДЕО. /RIA Novosti/. Мексикт 2006 онд мансууруулах бодис наймаалагчдын эсрэг дайн эхэлснээс хойш 2019 оныг хүртэл 60 мянган хүн сураггүй алга болсон тухай тус улсын Дотоод хэргийн дэд сайд Алехандро Энсинас мэдээлжээ.

Дээр дурдсан тоо нь Мексикт 1964-2019 оны хооронд сураггүй алга болсон нийт хүний 97.5 орчим хувийг эзэлж байгаа аж. Үүнээс гадна хэдийд алга болсныг нь тогтоож чадаагүй байгаа 8000 хүн байгаа гэнэ.

Мексикийн Засгийн газрын тайланд дурдсанаар, сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд тус улсын зүүн хойд нутгийн Тамаулипас мужид хамгийн олон буюу 1032 хүн сураггүй алга болжээ. Тус мужийн дараагаар 9286 хүн сураггүй болсон баруун нутгийн Халиско муж орсон байна.

Сүүлийн жилүүдэд Мексик улсад хүчирхийлэл газар авсан бөгөөд энэ нь АНУ руу кокаин зөөдөг мансууруулах бодис наймаалагчдын хоорондын зөрчилдөөнөөс үүдэлтэй юм. Мексикийн Аюулгүй байдлын яамнаас мэдээлснээр, 2018 онд тус улсад хүн амины 33300 хэрэг бүртгэгдсэн нь 2017 оны /31200/ дээд үзүүлэлтийг эвджээ.

Гэмт хэрэгтнүүдийн эсрэг дайн Мексикт 2006 онд Ерөнхийлөгч Фелипе Кальдероны үед эхэлжээ. Мансууруулах бодис наймаалагчдын гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх ажиллагаанд тэрбээр армийн анги нэгтгэлүүдийг татан оролцуулж, Холбооны улсын цагдаагийн газрыг шинэчлэн байгуулж, Мексикийн гэмт хэргийн ертөнцийн хамгийн зартай толгойлогчдыг агнахаа мэдэгдсэн байна.

Энэ дайныг Калдероны залгамжлагч Энрике Пенья Нието /2012-2018/ үргэлжлүүлжээ. Түүний үед олон зартай гэмт хэрэгтнийг устгаж, баривчилж чаджээ. Тухайлбал, Коротышка гэж хочилдог, "Синалоа" гэмт бүлэглэлийн толгойлогч Гусмана Лоэруг баривчилсан байна. Түүнийг АНУ-ын талд шилжүүлэн өгчээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг