МЕХИКО/РИА Новости/. Мексик, АНУ-ын худалдааны эргэлт энэ оны 1-4 дүгээр сарын дүнд 203 тэрбум ам.доллар давсан нь АНУ-ын Хятад, Канадтай хийж буй худалдааны үзүүлэлтээс дээгүүр байна гэж Мексикийн Эдийн засгийн яамны албан ёсны мэдээнд дурджээ.

Өнгөрсөн лхагва гарагт Мексикийн сенат Мексик, АНУ, Канадын чөлөөт худалдааны тухай шинэ хэлэлцээрийг олонхийн саналаар баталсан юм. Шинэ хэлэлцээрийг 114 сенатч дэмжсэн бол 4 нь эсэргүүцэж, 3 хүн түдгэлзсэн санал өгчээ. 

“Мексикийн сенат АНУ, Канадтай байгуулсан худалдааны шинэ хэлэлцээрийг баталснаар Мексикийн бараа бүтээгдэхүүний хувьд Хойд Америкийн хөдөө аж ахуйн зах зээл нээлттэй хэвээр үлдэж байна” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.  

Мексик, АНУ, Канадын чөлөөт худалдааны тухай шинэ хэлэлцээрт гурван улсын удирдагч өнгөрсөн оны 11 дүгээр сард Буэнос-Айрес хотод болсон “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурсан юм. НАФТА буюу Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээний оронд энэхүү шинэ хэлэлцээрийг байгуулсан. Шинэ хэлэлцээрийг гурван улсын парламент соёрхон батлах ёстой юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг