"Манба Дацан" эмнэлэгээс мэдэгдэл гаргажээ.

МЭДЭГДЭЛ


1. 2020 оны гуравдугаар сарын 03-ны өдөр livetv.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа нь Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төв /МУЭСТ/ “Манба Дацан”-гийн тэргүүн, хамба лам, хүний гавьяат эмч Д.Нацагдоржоос “Халдварт өвчнөөс сэргийлэх хар үрэл”-ийн талаар мэдээлэл авах хүсэлтээ илэрхийлсний дагуу хамба лам тус сайтад мэдээлэл өгсөн билээ.
Хамба лам энэ мэдээлэлдээ, “Хар үрэл бүх төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ” хэмээн ярьсныг livetv.mn сайт зориуд мушгин гуйвуулж, “Тэргүүн хамба Д.Нацагдорж: Хар үрэлээр Корона вирусыг эмчлэх боломжтой” гэсэн гарчигтайгаар олон нийтэд цацсан. Үүний улмаас, хамба лам Д.Нацагдоржийн зурагтай, “Хар үрэлээр Короно вирусыг эмчлэх боломжтой” гэсэн ташаа гарчигтай мэдээллийн нүүр хэсгийг хүмүүс сошиал орчинд зурган хэлбэрээр тараасаар байна. Иймд бид тус сайтын сэтгүүлчид хуулийн хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад нь гомдол гаргах болно.


2. "COVID-19 вирусын халдвартай иргэнийг Д.Нацагдорж хамба эмчилж байна" гэсэн худал мэдээллийг мөн олон нийтийн сүлжээнд тавьжээ. Уг мэдээлэлтэй холбоотойгоор ямар нэгэн эрсдэл гарвал МУЭСТ-ийн "Манба Дацан" төвийн тэргүүн, хамба лам Д.Нацагдорж болон тус төвийн эмч ажилтнууд хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдье.


3. Цаашид МУЭСТ "Манба Дацан"-гийн удирдлагууд болоод эмч, ажилтнууд, тус төвийн үйл ажиллагааны талаар санаатайгаар ташаа мэдээлэл тараасан, гүтгэн доромжилсон тохиолдолд бид хуулийн байгууллагад хандаж, хариуцлага тооцуулахыг үүгээр мэдэгдэж байна.

МУЭСТ "Манба Дацан"-гийн Хэвлэл, мэдээлэл, Маркетингийн алба