Нийгмийн даатгалтай холбоотой иргэдээс ирүүлдэг зарим түгээмэл асуултуудын хариултыг хүргэж байна.

-Өглөө ажилдаа ирж явахдаа автын осолд өртсөн бол үйлдвэрлэлийн осолд оруулж тооцох уу? 

-Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний  тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль болон  Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолд  “ажилдаа ирэх, буцах замдаа аливаа тээврийн хэрэгслээр буюу явган явж байхдаа ...” осолд өртсөн тохиолдлыг үйлдвэрлэлийн осолд тооцохоор заасан.

Тэгэхээр даатгуулагчийн ажилдаа ирж байх хугацаанд автын осолд өртсөн тохиолдлыг энэхүү хууль, тогтоожид заасны дагуу үйлдвэрлэлийн осолд оруулан тооцно.

-Хүүхдээ асрах чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг хаанаас ямар журмаар төлөх вэ?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3-ын 3 дахь хэсэг, Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан журамд заасны дагуу хүүхдээ асрахаар чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг ажил олгогч байгууллага нь Засгийн газраас тогтоон тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс  ажил олгогчийн төлбөл зохих тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын хувиар тооцож сар бүр Нийгмийн даатгалын санд төлж байхаар зохицуулсан байдаг. Тиймээс хүүхдээ асрахаар чөлөө авсан бол чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг ажил олгогч төлөх үүрэгтэй.

-Ажиллаж байсан байгууллагын буруугаас болж нийгмийн даатгалын дэвтэрт 3 жил бөглөгдөөгүй, одоо нөхөн төлөх боломжтой юу? 

-Нийгмийн даатгалын тухай хуульд заасанчлан ажил олгогчоос ажилтны дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулахаар заасан байдаг

Хэрэв ажилтанг ажилд орсон өдрөөс эхлэн нийгмийн даатгалын дэвтэр нээж баталгаажуулаагүй, уг зөрчлийн улмаас даатгуулагчийн эрх ашгийг хохироосон бол албан тушаалтныг 10000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар тус тус заасан байна. 

Иймд та хуучин ажиллаж байсан байгууллагадаа хандан нийгмийн даатгалын дэвтрээ бичүүлэх, баталгаажуулж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд шаардлагыг эс биелүүлвэл холбогдох хяналт, шалгалтын байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй.

-Ажлаасаа 6 сарын цалингүй чөлөө авсан юм. Энэхүү чөлөөтэй байх хугацаандаа сайн дурын даатгалд хамрагдаж болох уу?

Болно. Энэ тохиолдолд даатгуулагч өмнө нь төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, ажилласан жилээ тасалдуулахгүйн тулд ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдөр буюу сараас эхлэн оршин суугаа аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст хандан сайн дурын даатгалын гэрээ байгуулан хамрагдах боломжтой.

-Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авч байсан даатгуулагч дахин ажилгүйдлийн тэтгэмж авахад хэдэн сараас доошгүй шимтгэл төлсөн нөхцөлд дахин ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх вэ? 

-Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд зааснаар урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авч байсан даатгуулагч ажилд орсноос хойш 12 сар шимтгэл төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж дахин авах эрх үүснэ.

-Байгууллагын үйл ажиллагаа сул зогсож байгаа үед ажиллагсдыг ажлаас нь халах тохиолдол их гарах боллоо. Энэ тохиолдолд ажлаас халагдсан иргэнд ажилгүйдлийн тэтгэмж олдох уу? 

-Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хэрэв тухайн ажилтны буруутай биш шалтгаанаар сул зогсолт хийсэн бол уг хугацаанд байгууллага нь ажилтнуудад үндсэн цалингийн 60 хувь түүнээс дээш хэмжээний олговор олгоно. Ажилтнуудад энэхүү хугацаанд олгож буй олговрын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй. Иймд байгууллагаас олгож буй сул зогсолтын үеийн олговроос шимтгэлээ төлж байгаад ажлаасаа халагдсан ажилтнууд нь Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан бол ажилгүйдлийн тэтгэмж олгоно.


 Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам