Манай улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9,5 жилээр бага байна. Дундаж наслалтын зөрүү ийм өндөр байгааг олон асуудалтай холбож тайлбарлаж болох юм. Энэ талаар “Интермед” эмнэлэгийн Бизнес хөгжлийн менежер М.Баттүшигтэй ярилцлаа. 


-Монголчуудын дунд эрэгтэйчүүдийн наслалт бага байна гэж ярьдаг. Энэ яриаг тоон дүнгээр баталгаажуулахгүй юу?

-Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 15 мянга гаруй нас баралт бүртгэгдсэн. Тэдгээр нас барсан хүмүүсийн 60.8 хувь нь эрэгтэй, 39,2 хувь нь эмэгтэй байна. Шалтгааныг нь аваад үзвэл 3 хүн тутмын зүрх судасны тогтолцооны өвчин, 4 хүний тутмын нэг нь хавдрын өвчний улмаас нас баржээ.

Зүрх судасны өвчний шалтгааныг нарийвчлан авч үзвэл эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс зүрхний шигдээс өвчнөөр 5 дахин, тархинд цус харвах өвчнөөр 2 дахин их нас барсан тоо бий. Хавдрын өвчлөл ч ялгаагүй эрэгтэйчүүдийн дунд өндөр гардаг. Бас бэртэл гэмтэл, осолд илүү их өртөж байна. 

Мөн, нэг сонирхолтой ч гэмээр тоо хэлэхэд эрчүүдийн осол гэмтлийн улмаас эмнэлэгт ханддаг тоо эмэгтэйчүүдээс 2 дахин их. Гэвч бусад өвчний улмаас эмнэлэгт ханддаг тоо нь 2-3,3 дахин бага байна. Эндээс эрчүүд гэмтэж бэртэхгүй л бол эмнэлэгт хандахдаа хойрго гэдэг нь харагдана. Ерөнхийдөө эрчүүд маань хэнэггүй талдаа, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй, гайгүй байлгүй гэж хойш тавьж явсаар өвчнөө эцсийн шатанд орсон хойно оношлуулж байна. Эрчүүдийн 80 хувь нь хэдийнээ оройтсон хойно эмнэлэгт ханддаг.Ингэж оройтож хандсан учраас 80 хувь нь оношлогдсоноос хойш нэг жил амьдардаг гэсэн баримт бий. Бас л халагламаар тоо шүү. Эдгээр хүчин зүйлүүдээс улбаатай эрэгтэйчүүдийн дундаж наслалт бага байна. 


-Эрчүүдийн өвчлөлд юу нөлөөлж байна вэ? Үүнд цай хоолныхоо тостой дээжийг эрчүүддээ барьдаг уламжлалт ойлголтууд нөлөөлсөн хэвээрээ юу эсвэл?

-Цай хоолныхоо дээжийг тостой нь хамж өгдөг тэр үе ард өнгөрсөн гэж хардаг. Энэ үе бол магадгүй бидний аав ээж, эмээ өвөөгийн үе байх. Одоо дараагийн үе гараад ирчихсэн. Энэ үеийнхэн харьцангуй өөх тосноос хол ч бусад эрсдэлт зан үйл нөлөөлж байна. Жишээлбэл архи тамхины хэрэглээ, стресс, эрүүл мэндийн боловсрол тааруу, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй зэрэг нь нөлөөлнө.

Ганц эрчүүд гэлтгүй эмэгтэйчүүдийн хувьд ч ялгаагүй хавдрын болон бусад өвчлөл өндөр. Гэхдээ эмэгтэйчүүдийн байгалийн өгөгдөл тэднийг эмнэлэгтэй илүү ойртуулж байдаг. Тэр нь юу вэ гэхээр ядаж л хүүхэд төрүүлэх гэж эмнэлэгт очиж, эмчийн хяналтанд ордог. Үр хүүхдээ тэжээж халамжилдаг байгалийн өгөгдлөөрөө ч өөртөө бас илүү анхаарал, хариуцлага оногдуулж байдаг. Мөн статистикаас харахад эмэгтэйчүүдийн дээд боловсрол эзэмшиж байгаа тоо хамаагүй өндөр байгаа нь эргээд эрүүл мэндийн боловсролд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна уу гэж хардаг. 

-Хуучин цагт монголчууд тос өөхтэй хоол идсэн ч адуу малтайгаа ноцолддог учраас таргалдаггүй байсан гэдэг. Гэтэл одоо хоолоо идээд л буйдан дээрээ суудаг. Энэ хэв маягийн нөлөө хэр тусч байгаа бол?


-Мэдээж байлгүй яахав. Амьдралын буруу хэв маяг бүх өвчний суурь болж байгаа учраас нөлөөлнө. Гэхдээ энэ ганцхан монголчуудын төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгарсан асуудал юм. Тийм ч учраас хөдөлгөөний хомсдол, таргалалтаас үүдэлтэй чихрийн шижин болон зүрх судасны өвчин аюулын харанга дэлдээд байна. 


-Урьчилсан сэргийлэх үзлэгт орохын ач тусыг  бүгд мэднэ. Бид яагаад заавал урьчилсан сэргийлэх үзлэгт орох ёстой вэ?

-Урьдчилан сэргийлнэ гэдэг цогц ойлголт.  Нэгдүгээрт хувь хүн эрүүл мэндийн боловсролтой байж тэр хэрээрээ өдөр тутмын амьдралын хэв маягаа зөв чигт өөрчилж чаддаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдчихдаг байх ёстой. Ямар өвчнөөс хэрхэн сэргийлэх, эрт үед нь хэрхэн оношлох вэ гэсэн эмнэл зүйн удирдамжууд байдаг. Жишээ нь бүдүүн гэдэсний хавдраас урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношлуулахын тулд 40 наснаас дээш насныхан 3- 5 жил тутамд бүдүүн гэдсээ дурандуулах ёстой. 

Би "Эрүүл байна гэдэг хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээсэн үүрэг" гэсэн үгэнд дуртай.  Хэрэв энэ үүргээ хүн бүр ухамсарлаж эрүүл мэндийн үзлэгт ороод хэвшиж чадвал монголын үрс, эцэг эхчүүд, хань ижилтэйгээ элэг бүтэн жаргалтай байна гэдэгт итгэдэг.

Ходоодны хавдар гэхэд эхний үе шатандаа ямар ч зовиургүй учраас хүмүүс мэддэггүй. Харин байгууллагын ч юм уу “урьдчилсан сэргийлэх үзлэгээр санамсаргүй ходоодоо дурандуулсан чинь хавдар гарчихлаа” гэхийг олон хүн сонссон байх. Тэгэхээр эдгээр хүмүүсийг албан журмаар байгууллага үзлэгт оруулаагүй бол эцсийн шатандаа мэдсэн хүмүүсийн нэг ч болох байсныг үгүйсгэхгүй. Энэ мэтчилэн урьдчилсан сэргийлэхийн ач тус яриад байвал маш олон. 


-Урьдчилсан сэргийлэх үзлэгийн өртөгөөс ч бас шалтгаалдаг байх аа?

-Үнэгүй юм гэж энэ дэлхийн хаана ч байхгүй. Хэрэв хэн нэгэн үнэгүй юм хэрэглэж байвал хаа нэгтээ хэн нэгэн тэрнийх нь төлбөрийг төлж байгаа л гэж бодох хэрэгтэй. Хүний эрүүл мэнд гэдэг өөрөө өртөг өндөртэй капитал. Түүнийгээ дагаад эмнэлгийн үйлчилгээний өртөг ч өндөр байдаг. Монголчууд маань баяр тэмдэглэх, өөртөө гоё ганган хувцас авах, ресторанд хооллох, машинаа засуулахыг байх ёстой зардал гэж хардаг. Тэгсэн хэрнээ эмнэлэгт очоод өөрийн биеэ үзүүлэхдээ маш харам. Магадгүй энэ нь өмнөх нийгмийн эрүүл мэндийн тогтолцоотой холбоотой эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй байх ёстой гэсэн ойлголт бат суучихсан, арилахгүй байгаагаас үүдэлтэйг үгүйсгэхгүй. 

Гэхдээ бас эерэг тал ажиглагдаж байнаа. Хүмүүсийн сэтгэлгээ аажмаар ч болтугай өөрчлөгдөж, хувь хүн өөрсдөө ч,албан байгууллагууд ч ажилтнуудынхаа эрүүл мэндэд илүү анхаардаг болж урьдчилан сэргийлэх үзлэгийн хийлгэдэг болж байгаа нь сайшаалтай. 

Эцэст нь дүгнээд хэлэхэд өвдсөний хойно хамаг байдгаа барж бие махбодь, сэтгэл санаа, мөнгө санхүүгийн дарамтанд орж байснаас өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн ухаалга, хямд төсөр сонголт юм. Та цаг гаргаж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж чадвал өөртөө, гэр бүлийнхэндээ, цаашлаад улс орныхоо эдийн засагт оруулж буй том хувь нэмэр шүү л гэж хэлмээр байна даа.