Мацаг гэж юм идэхгүй байхыг хэлдэггүй. Мацаг барьснаар хүн өөртөө цаг гарган, өөрийн бодлоо ажиглан таньж, амнаас гарч байгаа үгээ өөрөө сонсож, үйлдлээ хянахыг, бодол, үг, үйлдэл зөв байхад анхаарах ингэснээр буян хураахад гол утга учир нь оршино. 

Мацгийг билгийн тооллын тодорхой өдрүүдэд цагаан хоол идэх, долоо хоногийн тогтсон өдрөө тодорхой хоол хүнснээс татгалзах, өдөрт ходоодны гал сайн цагт 1 удаа хооллох зэргээр өөрийн биед дадуулан тогтмол хийснээр анагаах ач тусыг хүртэн эрүүл саруул, урт удаан амьдрах зам бидний өмнө нээлттэй байна.

Бясалгана гэдэг нь завилж суухыг хэлдэггүй. Өдөр бүр тогтмол амьсгалаа ажиглаад хэсэг суух, намуухан хөгжим сонсох, ганцаараа байж бодлоо ажиглах зэрэг нь бие болон сэтгэлийн ядаргааг тайлах хамгийн сайхан амралт юм. Амьсгалаа ажигласнаар амьсгал зөөлөн, жигд, илүү тайван, гүн болдог. 

Амьсгал ийнхүү зөөлөрсөнөөр сэтгэл тайвширч, бие амарна. Бие сэтгэлийн ядаргаа, ажлын ачаалал нь бидний биеийн аль нэг хэсгийн булчинг чангалсан байдаг. Иймээс анхаарлаа биеийн хэсгүүдийн дагуу явуулж, тэр хэсэгт төвлөрүүлэн хэсэг ажигласнаар энерги биеийн асуудалтай хэсгийг олж анагааж эхэлдэг юм. Асуудлаа олсноор үүнийг шийдэж болохын адил хүний биед гарсан аливаа өөрчлөлт, чангарлыг олсоноор түүнийг амьсгалын тусламжтай суллаж болдог байна.

Амьсгалаа ажиглаад, амьсгалахад бие үнэхээр суларч амарч байгаа эсэхийг мэдэрнэ. Бие сулрахын хэрээр, булчин сулрахын хэрээр бие болон сэтгэл тайвширан амардаг. Бясалгалыг дулаахан, дуу чимээ багатай, тайван орчинд хийнэ.

Би өөртөө хайртай байхын утга учир нь энэ биеэ эрүүл байлгаж, аж жаргалтай, сэтгэл тайван, урт удаан амьдруулахад оршино. Бие баясахын хэрээр сэтгэл баясна. 

Таньд эрүүл энх, аз жаргалыг хүсье. Хүндэтгэсэн Т. Алтангэрэл иогини