Аливаа хот бүхэн өөрийн хэм хэмнэл, давталт давтамжтай байдаг. Дэлхийд нөлөө бүхий улс орнуудын нийслэлүүд сүр хүч оршоосон, дуу хоолойн өнгө бахим, алхаа гишгэгдэл том, алсын хараа холчтой байдаг бол зарим нэг нь тангад таван хэлтнийг цуглуулчихсан хар нүд хуу татав уу үгүй юу дугуй мөнгөний хойноос хөөж хөөцөлдсөн доншуур хэмнэлтэй хотууд ч байх нь бий. 

ӨМӨЗО-ы төв Хөх хот. Гурван сая хүний амь амьдрал, хувь заяатай холбоотой энэ хот дэлхийн баян хотуудын адил гял цял тархи толгой эргэмээр, сонгодог хотууд шиг дуурь дуурьсал нь дөрвөн зүг, найман зовхист цуурайтаж байдаггүй ч тайван, тогтуун, тогтвортой өсөлттэй хот билээ. Хөх хотод анх очсоны дараа Улаанбаатарын амьдралыг 2 дахин удаашруулсан юм шиг санагдсансан. Хэвлэлийнх нь мэдээ хэргээр удаад, хөгшид настнууд нь албаар удаан алхаад, жолооч нар нь тааваараа жолоогоо мушгиад байгаа шиг мэдрэмж төрнө. Дан мэдээний албанд давшингуй явсан хүн чинь энэ үед нэлээн гайхширч, “Би ер нь энд юу хийж яваа юм бол доо” хэмээн өөрөөсөө нэг бус удаа асууж билээ. 

Супер гүрэн болох Хятадын төрийн бодлогын хаялга эл хотыг тойроогүй. Хотынхны амьдрал хэр дээшилснийг тэдний дугуй унаж байгаа байр байцаас харж болно. Олон жилийн өмнө анх Эрээн гарахад халтар хувцастай хятад эрчүүд унадаг дугуйг их зүтгүүр, амьжиргаа залгуулах гэж хамаг хүчээ шавхан унадаг байсан цаг саяхных. Одоо бол тэс өөр. Нуруу тэнэгэр, амьдралд нухлуулсан шинж төрх тэдний нүүр царайнаас ор мөргүй арилан оджээ. Зөвхөн хөл залгуулах төдий ойр зуурын ажилдаа унаж явах. Залуучууд нь гараа тавьчихсан, циркийн үзүүлбэр үзүүлж байгаа шиг аяглах. Ганц нэг настай голдуу хүмүүс нураасан барилгын мод шийдэм, хуучин тавилга зэргийг зөөн жийж явах нь ой тоонд үлдсэн хуучны дүр зургийг санагдуулна.

Өдөр тутам, сар бүр хувиран өөрчлөгдөж буй энэ хотыг уугуул иргэд нь хүртэл хаана юу байгааг хэлж мэдэхээ байсан гэлцдэг. Аль ч хот төв рүүгээ хүний хөл хөдөлгөөн ихэсч, зах руугаа сийрэгшдэг. Хөх хот ч мөн ялгаагүй. Хот нэг хэсэг зүүн тал руугаа хөгжсөн. Төлөвлөлтийн эл бодлогыг барилгынхан овсгоотой ашигласан. Ирэх жилүүдэд баруун тал руугаа хөгжих төлөв гарч, тэр хэсгийн байрууд үнэд орж эхэлжээ.

Энэ хотын чинээлэг иргэд нь хотынхоо зүүн хэсэгт амьдардаг. Тэр хэсэг рүү явах тусам дугуй унаж яваа битгий хэл, алхаж байгаа хүн цөөрч, дуу чимээ татарч, тоос тоосжилт намжин, амьдралын эрс таатай орчин угтдаг. Гэтэл хотын төв дэх худалдааны гудамжинд, эмнэлгийн үүдэнд, явган хүний туннель дотор гуйлга гуйж суугаа хэн нэгэнтэй тааралдах нь бий. Ши Жиньпингийн ядуурлаас ангижрах бодлогыг ойлгоогүй, ойлгохыг хүсэхгүй байгаа тэдгээр хүмүүсийг харахад, өндөр настнууд, оюуны бэрхшээлтэй гэр бүлүүд, хүнд өвчинд нэрвэгдсэн иргэд эсвэл башир аргатай этгээдүүд болох нь харагддаг.

Хөх хот түгжрэлээрээ улсдаа эхний 5-д жагсдаг гэдэг. Хотын төвд нэг орвол гарч болохгүй, гарвал буцаад орж болдоггүй хэд хэдэн гол замтай. Тэндээ нам зогсдог. Гэхдээ тэр хэдэн замаас бусад нь гайгүй. Хотын зах орчмын хар замаар өдөртөө 10 машин явдаг юм уу гэмээр ч зам бий. Өдөржин сул, дугуйны мөр гарахгүй шахам тэдгээр замыг харахад бараг дэмий тавьсан юм уу ч гэж хармаар.

Хөх хотод чемодан чирсэн хүмүүстэй байнга таарч байдаг. Ялангуяа оюутны хотхон хавиар чемоданы дугуй цементэлсэн талбайтай үрэлцсэнээс үүсэх тоо...ррр, тоо...ррр гэх чимээ байнга сонсогдож байдаг. Зам талбайн тэгш, өргөн байдал нь чирч байгаа хүндээ ер төвөггүй, зүдэргээ багатай. Тэгээд ч хүмүүс нь олон дотор амьдраад сурчихсан, хэн хаашаа юу чирж байгааг сонирхож харах хүн нэгээхэн ч үгүй. Энэ олон чемодан сав чирсэн хүмүүс хотоор дүүрэн зорчиж явааг харахад Хөх хот нээрээгээсээ гурван сая хүнтэй байж чадах уу хэмээн бодогдоно. 

Цагаан сарын үеэр хот эзгүйрч, бүх нийтээрээ дайжиж дүрвэсэн аятай эль хуль болдгийг бодоход Хятад улс бүхэлдээ хотжилтын давалгаанд өртсөнийг эл хотын жишээ илтгэнэ. 

Энэ хотынхонд өөрсдөд нь хэвийн юм шиг санагдаж болох үзэгдэл заримдаа миний гайхшралыг төрүүлдэгсэн. Гэрлэн дохио асахын хооронд дөрвөн замын уулзварт зогсож байсан хүмүүсийн дотроос дугуй унасан нэг эр эгц хөндлөн зам нэвтрэх юм уу, амттаны дэлгүүрийн худалдагч охин тооцоо хийх гээд байхад хумсаа авч зогсоог харах нүдэнд их л содон тусна. Хоолны газар гадуур хувцастай хооллохыг ер тоодоггүй. Хоолны уур гараад байхад хаалгаа нээчихээд хэнэггүй зогсоод байдаг үйлчлэгч...гэх зэрэг олон хандлага, олон хэв маягийг харахад бид тэдэнтэй Азиуд гэдгээрээ ч адил болохоос бус хэт Европжсон болохоо тэр бүр ойлгодог байлаа.

Хот даяараа хэмнэлтийн горимоор амьдарна. Мэдээж дэлхий нийтээрээ ийм л горим руу шилжиж буй энэ цагт буруутгах зүйлгүй. Мэдрэгчтэй тосгуур, мэдрэгчтэй гэрэлтэй орц... эд бүгд манай хотод бас хэдийнэ нэвтэрчээ. Орон сууц гэхэд халуун усаа бойлуураар халааж, хийн зуух дээр хоолоо хийдэг. Хийн зуух дээр хоол их хурдан болдог сайн талтай. Анх ашиглаж байгаа хүн хоолоо түлчих гээд байдаг сул талтай. Бас болгоомжлол. 

Өөрсдөө ялгаагүй сэрэмж алдсанаас болж хийн зуух нь дэлбэрч орцондоо түймэр тавьсан тохиолдол хаа нэгтээ гардаг аж. Өвлийн улиралд манайхны орон сууц шиг байрууд нь тогтмол температур заахгүй. Паартай байшинд сууж байгаа хэдий ч цаанаасаа сэрүү даагаад эхэндээ жаахан эвгүй. Гэр орондоо нимгэн нүцгэн явалтгүй. 

Хотын цэвэрлэгээ үйлчилгээний талаар өмнө нэг удаа хөндөж бичиж байж. Хятадууд, “Хятад хүн гэрээ цэвэрлэдэггүй, хотоо цэвэрлэдэг. Монгол хүн хотоо цэвэрлэдэггүй, гэрээ цэвэрлэдэг” хэмээн хошигнодог. Хот цэвэр талдаа орно. Нохойн жогорхойг эс тооцвол. Хятадууд, тэр дундаа настайчууд хав нохой их тэжээдэг. Нохойгоор их хань татна аа. Нохойгоо салхилуулж яваад л гудмандаа баалгачихна. Үүнийг эс тооцвол хот боломжийн цэгцтэй, цэмбэгэр. Тэнд суурьшсан хугацаандаа би жорлонгийн хувьсгалын их сайшаадаг байсан. Цэвэрлэгээний хувьд алаг оног. Эвдэж сүйтгээд байх нь харьцангуй бага. Өөр нэг авууштай ажил бол хүргэлтийн үйлчилгээ. Маш шуурхай. Хогныхоо хар уутыг хүртэл онлайнаар захиалчихдаг нь их амар. 

Хөх хот бол хөх Монголчуудын суурин. Энэ хотоос монгол ааш авир, шинж төрх үе үе цухалзана. Хотдоо монгол үндэстний хээ хуар, загвар загварчлалын элемент оруулсан байдаг ч Хятадын бусад хотуудын адил хийц маяг, төлөвлөлт илт харагддаг. Хятадаар олон жил аялсан миний нэг танил, “Хятадын ихэнх хот адилхан” хэмээн товч бөгөөд тодорхой дүгнэсэн удаатай. Хот дотор яваа монгол нэгнийгээ нүдний үзүүрээр танина. Ихэд андашгүй. Моторт дугуй унаж яваа нэгнийг хүртэл олоод харчихна. Өвөрмонголчууд ч ялгаагүй хэн нь монгол, хэн нь өвөрмонгол, хэн нь хятад болохыг зурвасхан харахдаа олоод харчихдаг гэдэг. 

Хэдэн хөгшчүүл маажаан тоглож байсан юм биз дээ. Гэтэл хожиж хожигдохын даваан дээр хоёр нь муудаж. Хятад хүн омогтойг хэлэх үү, хятад нь эндээс яв зайл гэхчлэн уурлаж гэнэ. Гэтэл өвөрмонгол нь, “Чи өөрөө миний газар нутгаас зайл” гэхчлэн хэрэлдэж муудсан гэдэг. Өвөрмонгол нь Хятад дотроо үндэстний хагарал бутрал харьцангуй багатай газар нутаг. Харин үндэсний бичиг үсгийг хаан боомилсон төрийн шийдвэр цаашид хэрхэхэд хүргэхийг таашгүй.

Хятад социалист орон хэдий ч хүн бүр, айл өрх бүхэн нэгэн жигд амьдардаг уу гэвэл үгүй. Тийм боломж ч байхгүй. Гэхдээ орчин цагийн хот газарт юу байж болох вэ, тэр бүрийг бүрдүүлэхийг зорьдог. Энэ хот өнгөн талаасаа удаашруулсан аяз хөгжмийн хэмнэлтэй юм шиг боловч цаанаа тийм биш. Хөх хотод хятад хүний алгуур боловч аливааг ахиулж хийдэг мөн чанар алхам тутамд мэдрэгддэг. Хамгийн сүүлд эл хот метротой болов. Түүнээс цааш юу сэтгэж, юу хийхээр төлөвлөж байдаг юм бол хэмээн бодогдоно.

Анх очсоны дараа охид хүүхнүүд, дунд насны эмэгтэйчүүд амны хаалт ихээр зүүдгийг олж харж билээ. Зарим нь ч бүр маск гэхээсээ “1000 нэгэн шөнийн үлгэр”-ийг санагдуулам гивлүүр маягийн юм зүүчихсэн явах. Эхэндээ ч нүүр царайгаа борлохоос сэргийлдэг юм болов уу гэж тааж байв. Гэтэл хотод тоосжилтын түвшин өндөр тул зарим хүмүүс нь хамар нармайгаа хамгаалж зүүдэг болохыг удалгүй ойлгосон юм. 

2020 он бол цар тахлын жил. Тахал дэлгэрнэ гэж хэний ч санаанд байсангүй. Иймээс дэлхий нийтээрээ бэлтгэлгүй байлаа. Их ч алдагдал хүлээж, их ч сургамж авлаа. Хамгийн эхний сургамж бол маск зүүж дадах явдал байв. Би Хөх хотод байхдаа нэг ч удаа амны хаалт зүүж байгаагүй. Угаасаа монголчууд амны хаалтыг эмч, эрүүл мэндийн байгууллагынхан, хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүд, хотын цэвэрлэгээ үйлчилгээнийхэн гээд хэдхэн төрлийн хүмүүс зүүдэг гэсэн ойлголттой байсан цаг. 

Оны эхэнд амны хаалт олдохгүй юу болов. Дараа нь зүүж дадах гэж юу болцгоов. Зөвлөмж зөвлөгөө дагаж, шахаж шавдуулсаны эцэст зүүж сурав даа. Тэр үед би боддог байлаа. Маск нь л олддог юм бол Хөх хотынхон ч зүүх дадал дээр нэлээн хэвшүүлсэн улс шүү гэж. Масктай хот ямар вэ, өөр юу юу болж байв, юуг таашаав, юуг эс таашаав гэхчлэн бичвэл юу эс мундах вэ.