Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр олон нийт цахимаар нэлээд шүүмжилж буй Улаанбаатар руу аарц тээвэрлэж явсан иргэнийг цагдаагийн албан хаагч шалгаж, гарал үүслийн бичиг шаардсан асуудалд тайлбар өглөө.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал "Цагдаагийн алба хаагч аарцны гарал үүслийн бичиг шалгаж байгаа, тухайн иргэнтэй харьцаж буй байдал зэргийг харуулсан нэлээд шүүмж дагуулсан бичлэг сошиал орчинд цацагдсан. 

Тээврийн цагдаагийн алба мэргэжлийн бусад байгууллагатай хамтран нийслэл рүү орж буй замуудад тогтмол хяналт шалгалт тавьдаг. Жишээ нь, Өлзийтийн пост дээр Улаанбаатар руу нэвтэрч буй бүх тээврийн хэрэгслийг шалгаж байна. 

Цагдаагийн алба хаагч үүнд хяналт тавих нь, машиныг шалгах нь зөв үү, буруу юу гэдэг асуудлыг иргэд нэлээд хөндөж байна. Ер нь бол цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийг шалгаад мал болон малын гаралтай түүхий эд тээвэрлэж яваа тохиолдолд мэргэжлийн хяналтын ажилтанд шилжүүлнэ. Үүний дагуу мэргэжлийн хяналтын байцаагч шийдвэр гаргаж ажилладаг журамтай.

Аарцтай холбоотой тус зөрчил дээр ярихад их, бага хэмжээгээр малын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж буй бол зайлшгүй гарал үүслийн бичиг авч явах ёстой гэсэн заалт бий. Үүний дагуу цагдаагийн алба хаагч зогсоогоод мэргэжлийн хяналтын байгууллага руу шилжүүлэх ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүй. Шалгах нь бол зөв. 

Энд алба хаагчтай холбоотой яригдаж буй гол зүйл нь цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4.1-т зааснаар өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг хүлээцтэй харьцах, үл тоох шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол хүсэлтийн талаар маргахгүй байх" гэснийг зөрчсөн гэж үзэж байгаа. Уг асуудалд албаны шалгалт явагдаж байна. Ямар шийдвэр гарсныг эргэн мэдэгдэх болно" хэмээв.

Машиндаа аарц тээвэрлэж явсан иргэнийг Өлзийт пост дээр цагдаа шалгаж, гарал үүслийн бичиг шаардаж буй бичлэгийг хүргэж байна.