Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэн, түр саатуулах хашаа ажиллуулж буй 15 байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж эхэлжээ.

Одоогийн байдлаар 4 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

Тус байгууллагууд Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалаар батлагдсан Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны “Нийслэлд тээврийн хэрэглийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах болон эдгээр үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай” 33/35 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/601 захирамжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.

Иргэдээс ирсэн гомдол саналыг шийдвэрлэсэн байдал, санхүүгийн тайлан, машин ачилтын бүртгэл хөтлөлтийг шалгах, үнэлэлт дүгнэлт өгөх, эсрдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг арилгуулах зорилготой уг ажлын хэсгийг Нийслэлийн Авто замын газрын орлогч дарга Б.Индра ахалж байна.

Ажлын хэсгийн гишүүдээр Нийслэлийн Онцгой байдлын газрын байцаагч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, Нийслэлийн Татварын газрын улсын байцаагч, Замын Цагдаагийн албаны мэргэжилтэн, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан хамтарсан хяналт шалгалт хийх чиг үүрэгтэй ажиллаж байгаа аж.