Өнгөрөгч баяр, амралтын /2019.03.08-10/ өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 668 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 452 дуудлагыг хүлээн авч шалгасан бөгөөд бүртгэгдсэн ослын улмаас нийслэл хотод 17 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 5 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд гарсан байна.

Түүнчлэн төмөр замын гарам дээр ноцтой 2 осол гарч, 2 хүний амь нас хохирсон бөгөөд уг ослууд нь явган зорчигч дайрагдах хэлбэрээр гарсан осол эзэлж байна.

Энэ сарын 8-ны өдөр 140 согтуугийн зөрчил илэрсэн байна. Энэ нь энгийн өдрүүдтэй харьцуулахад бараг 3 дахин нэмэгдсэн тоо юм. Энгийн өдрүүдэд 40-45 бүртгэгддэг аж.

Гарсан зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 19 нь мөргөлдөх хэлбэрээр, онхолдох хэлбэрээр 5 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна. 

Тухайлбал: 

2019.03.08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, зорчигч 7 настай, эмэгтэй Э-н амь нас хохирч, жолооч 18 настай Б, зорчигч 41 настай С нар гэмтсэн,

ХУД-ийн нутаг дулааны цахилгаан станц-3 замд T.Pruis-20 маркийн автомашин нь T.Pruis-11, T.Pruis-20 маркийн автомашинуудтай мөргөлдөж, дотор нь зорчиж явсан 2,3,6 настай 3 хүүхэд гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна. 

Алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 268 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба 52 хувь нь буюу 140 нь ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр /2019.03.08/ бүртгэгдсэн байна.