Шинэ коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны 08:00 цагаас 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар гаргасан.

Тус шийдвэр өнөөдрөөс буюу битүүнээс шинийн 4-ийг хүртэл  хамаарах бөгөөд автобус, галт тэрэг, автомашинаар зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэхүү ажлын хүрээнд улсын хэмжээнд 336 хяналтын цэг байгуулж 832 алба хаагч 526 тээврийн хэрэгсэл ажиллаж буй.

Мөн сар шинийн баярын өдрүүдэд тахилгат газрууд болох уул, овоо руу гарч олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, шашны зан үйл үйлдэхийг хориглосон шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой комиссын мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид 2020 оны 02 дугаар сарын 24-ний 04:00 цагаас 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд Богдхан уул, Зайсангийн амууд, Хийморийн овоо, Бурхантын овоо, Айдасын овоо, Богины ам зэрэг бүх тахилгат уул руу иргэдийг зорчуулахгүй хяналт тавьж ажиллана.