Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 8.383.000 хүн өвчилж, 450.000 хүн нас баржээ. Одоогоор 4.3 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарсан, 3.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 131.000 хүн коронавирусийн халдвар авч, 5.000 гаруй хүн нас барсан байна.
24 цагийн хугацаанд Бразильд 26.000, АНУ-д 23.000, Энэтхэгт 12.000, Пакистанд 5.000 хүн шинээр өвчилжээ.
Манай хойд хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 7.43 хүн шинээр коронавирусээр өвчилcөн. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 33-110 тохиолдлоор нэмэгдэж, өвчлөлийн эрч буурахгүй, тууштай нэмэгдэж байна.
Манай улсын хувьд өчигдөр 270 хүн ажиглалтад орж, 362 хүн ажиглалтаас гарсан. Одоогийн байдлаар ажиглалтад нийт 1631 хүн байна. Өчигдөр орой БНСУ-аас транзит нислэгээр нийт 257 хүн ирсэн. 5-ыг нь ХӨСҮТ-д, 12 хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусад хүмүүсийг нь зочид буудлуудад тусгаарласан.
Ажиглалтын байранд 0-14 насны хүүхэд 64, жирэмсэн эмэгтэй 28, архаг хууч өвчтэй 38 хүн байна. Тэдэнд 39 реседэнт эмч, 34 их эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна" хэмээлээ.
Мөн тэрээр "Иргэдийн анхаарал суларч амны хаалтаа зүүхгүй байна гэдэг шүүмж олон ирж байна. Сүүлийн 10 гаруй хоногт ОХУ, манай оронтой хил залгадаг олон мужид коронавирусийн халдвар тогтвортой өсөж байна. Мөн Бээжинд халдварын нэлээд том шинэ голомт үүслээ. Бид хоёр талаасаа ийм голомтын дунд амьдарч байгаа учир анхаарлаа сулруулж болохгүй. Амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайтар савандаж угааж, хүн хоорондын зайг барих, шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх нь зүйтэй" гэдгийг онцлон хэллээ.