Дэлхийн сүүний өдөр 6-р сарын 1-ний өдөр тохионо. Энэ өдрийг угтаж ХХААХҮЯ, НҮБ Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Монголын Хүнсчдийн Холбоо, Глобал Коммунитис Монгол олон улсын байгууллага, Сүүний нэмүү өртгийн оролцогчид хамтран өнөөдөр  хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн үеэр Дэлхийн Сүүний өдрийг тэмдэглэж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд сүүний салбарын оролцоо, сүүний салбарт төрөөс баримталж байгаа бодлого, арга хэмжээ, сүүний салбарын хөгжлийн стратеги, Монголын сүүний салбарын зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар салбарын төлөөлөл хэлэлцлээ.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулах зорилтыг дэвшүүлсэн. 

Улсын хэмжээгээр хөдөө аж ахуйгаас бэлтгэх сүүний нөөц хэмжээ 2018* оны байдлаар 926.2  мянган  тонн болжээ.

Үүнээс,

-Ингэний сүү 11.5 мянган тонн, 

-Гүүний сүү 83.9 мянган тонн,

-Үнээний сүү 553.3 мянган тонн, 

-Хонины сүү 103.8 мянган тонн,

-Ямааны сүү 149.8 мянган тонн байна. 

Сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйд байгаа сүүний чиглэлийн 74.0 мянган толгой үхрийн 25% буюу 18.5 мянган толгой нь цэвэр үүлдрийн үнээ эзэлжээ.

Өдөрт дунджаар 1 үнээнээс 18 литр сүү, үлдсэн 75% буюу 55.5 мянган толгой нь эрлийз үнээ 1 үнээнээс 7 литр сүү дунджаар авдаг аж.

Монгол Улсын нэг хүнд жилд дунджаар 296.8 кг сүү ногдож байна. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

"Дэлхийн сүүний өдрийн арга хэмжээнд оролцох улс орнуудын тоо жилээс жилд нэмэгдэж, өөр өөрсдийн уриан дор тэмдэглэдэг уламжлал тогтсон байна. Монгол улс 2016 оноос хойш 4 дэх удаагаа “Эх орны сүү-Эрүүл хүнс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Манай Улсын нэг хүнд жилд дунджаар 296.8 кг сүү ногддог. Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дугаар тушаалаар баталсан юм. Энэхүү тушаалд зааснаар хоногт хэрэглэх сүүний хэмжээг  3,2%-иас багагүй тослогтой сүүн бүтээгдэхүүнийг 160 гр-аас багагүй хэмжээгээр хэрэглэх ёстой гэж заасан" гэлээ.