Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Батлагдсан тохиолдлын хамт гуравдугаар сарын 02-нд нэг онгоцоор ирсэн 23 хүний давтан шинжилгээнд шинэ коронавирус илэрсэнгүй. Энэ бол маш чухал, сайн мэдээ юм. 

Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд шинэ коронавирус илрээгүй. Өчигдөр буюу гуравдугаар сарын 15-нд ХӨСҮТ-д нэг, Баян-Өлгий аймагт нэг, нийт хоёр сэжигтэй тохиолдлыг тусгаарлан ажиглаж байна. Баян-Өлгийн сорьц Улаанбаатар руу ирж байгаа. 

Өчигдөр БНСУ-ын гол газраас ирсэн 10 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан лабораторын шинжилгээ хийж байна. Онгоцоор ирсэн бусад хүнийг Энхсаран сувилал, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант сувилалд хуваарилан ажиглалтад авсан. 

Баян-Өлгий аймагт 96, Дархан-Уул аймагт 18, Дорноговь аймагт нэг хүнийг ажиглалтад авсан" хэмээн мэдэгдлээ.

ЭМЯ-ны мэдээллийн үеэр манай улсын нэг иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж буй франц иргэнд англи, франц хэлээр бичсэн "хурдан эдгээрэй" гэсэн урмын үг бүхий захидлыг шар тосны хамт ХӨСҮТ-ын Ерөнхий захирал Д.Нямхүүгээр өгүүллээ.

Үүний дараа Д.Нямхүү захирал "Энэ маш чухал зүйл. Франц иргэнийг эмчилж буй эмч нар маань "манай иргэд таныг хурдан эдгэрээсэй гэж залбирч байгаа. Мөн хэвлэлүүд энэ талаар бичиж байгаа" гэж тус иргэнд мэдээ өгч байгаа. Мөн гуравдугаар ангийн нэг сурагч англи хэлээр захиа бичээд өгүүлсэн. Тэр бүрийг уншаад, сайхан мэдээнүүдийг сонсоод франц иргэн маань сэтгэл их өөдрөг байгаа. Энэ захидлыг би маш хурдан хүргэж өгье" хэмээлээ.