Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр Европын Холбооны орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээх тухай “Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах, түүний эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо болон Европын Атомын Эрчим Хүчний Нийгэмлэг хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут нар гарын үсэг зурав. 

Монгол Улсад Европын Холбооны Төлөөлөгчийн газар байгуулагдаж буй нь Монгол Улс, Европын Холбооны харилцаанд гарсан томоохон дэвшил, манай гадаад харилцаа, дипломат албанд тохиож буй түүхэн үйл явдал болохыг Гадаад харилцааны сайд онцолсон.

Энэ үеэр "Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут "Европын Холбоо нь манай хамгийн том хөрөнгө оруулагч, худалдааны гурав дахь том түнш юм. Өнөөдрийн байдлаар Европын Холбооны 800 гаруй компани 3.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг манайд хийсэн. Энэ нь Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 13 орчим хувийг эзэлж байгаа юм. Монгол Улс, Европын Холбооны хоорондын худалдаа 2016 онд 1 тэрбум гаруй ам.доллар болсон нь, манай гадаад худалдааны 8 хувьтай тэнцэж байна.  Цаашдаа бүхий л салбарын хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх өргөн боломж байгаа" гэдгийг онцлов. 

Монгол Улс, Европын Холбооны хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр энэ сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлээд буй юм.