Манай улсаар дамжин өнгөрөх тээвэр энэ оны эхний 7 сарын байдлаар 1.67 сая тонн байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлсэн.

Тэгвэл ОХУ-аас БНХАУ-руу тээвэрлэгддэг түүхий нефтийн транзит тээвэрлэлт 12 жилийн турш тасраад байсан бол манай улсын нутгаар дахин тээвэрлэж эхэлснээс хойш дөрвөн сар хүрэхгүй хугацаанд ОХУ-аас БНХАУ руу нийтдээ 1500 вагон буюу 89,219 тонн түүхий нефть ачсан галт тэрэг манай улсын нутгаар дамжин өнгөрчээ.

Энэ оныг дуустал 400 мянган тонн түүхий нефтийг тээвэрлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд манай улсад орж ирэх валютын урсгалыг эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Түүхий нефтийн тээвэрлэлт ОХУ-ын Наушк өртөөнөөс хөдөлж, Сүхбаатар хилийн боомтоос Замын үүд өртөөгөөр дамжин БНХАУ-ын Эрээн хот руу хүргэгдэж байна. Ингэснээр нийтдээ 38 цагийн дотор тээвэрлэлт хийгдэж байгаа аж.