МАН-ынхан Засгийн газраа огцруулах, эсэх асуудлыг хөндөж тавиад сар гаруй хугацаа өнгөрлөө. Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй мэргэжлийн Засгийн газарт ажиллаж буй сайд нарын асуудлыг энэ өдрүүдэд ид сөхөж байна. Одоогоор МАН-ын Удирдах зөвлөл, Төрийн байгуулалтын байнгын хороо  Засгийн газрыг авч үлдэх талд санал нэгдээд буй. Засаг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохгүй гэх улс төрийн шийдвэр гарсан гэсэн үг. Гэхдээ Засаг огцруулах саналд 32 гишүүн гарын үсэг зурсан,  гарын үсгээ зурсан хэдээс гадна засгийн эсрэг кноп дарах гишүүн цөөнгүй байгаа, УИХ дахь АН-ын бүлэг дуун дээр нь дэмжчихсэн гэх мэт шалтгаанууд Засгийн газар унах болов уу гэсэн таамаг дагуулж байна. 

Өнөөдрийн хувьд Засгийн газар огцрох уу эсвэл “тохиролцож” сайдуудаа солих уу гэдэг асуулт иргэдийн дунд байна.  Үлдэх сайдын тоонд Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн яригдаж байна. Газар тариалангийн техник шинэчлэлийг хийсэн, ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр урт хугацааны зээл авсан гэсэн мэдээллүүд хэвлэлээр хөвөрч байгаагаас анзаарахад П.Сэргэлэн сайдыг үлдэх аргаа хайгаад эхэлжээ гэж харж болохоор байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тунаж үлдэж магадгүй нь. Намынхаа томчуудтай ярилцаад ойлголцчихдог, хоёрхон эмэгтэй сайдын нэг нь,  улстөрийн туршлага нь нимгэн биш, тусгай хамгаалалттай газар буюу  Соёмботой уулын ойролцоо газар эзэмшлийг зогсоосон гэх мэт саяхны ганц хоёр шийдвэр нь масст аятайхан харагдаж байгаа гэх мэт шалтаг шалтгаан түүнд бий. 

Харин Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар сайд суудлаас огцорч магадгүй эрхмүүдийг тэргүүлж байна. Эх сурвалжийн ярьж байгаагаар огцрох сайдуудын жагсаалтанд хэдийнээ багтсан гэх мэдээлэл байна.  Шадар сайд У.Хүрэлсүхийн хувьд  албаа өгөх хүсэлтээ өгсөн учраас явах, явахгүй, үлдэх, үлдэхгүй гэх мэт таамаг хэлэх хэтээсээ утгагүй. Засаг огцорсон, огцроогүй аль ч тохиолдолд Шадар сайдын суудал эзгүйрнэ гэдэгт эргэлзэх юм алга.