МАН-тай холбоотой сүүлийн өдрүүдэд цацагдсан мэдээллийн талаар нийслэлийн МАН-ын хорооны Сонгуулийн штабын хууль эрхзүйн ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Сонгуультай холбоотойгоор өчигдөр, өнөөдөр Хэвтүүл хөдөлгөөн, МАХН, АН-аас МАН-ын ажил алба, нэр төрд халдсан мэдээллийг олон нийтэд удаа дараа хүргэсэн. Уг мэдээлэлд хуульчийн зүгээс дараах тайлбаруудыг хийж байна.

1. Дээрх этгээдүүдийн зүгээс МАН-ыг санал хураалтын хар машины дүнг засаж, сонгуулийн дүнг будлиантуулдаг гэсэн утга бүхий гүтгэлгийг удаа дараа тараасан байна. Иймд МАН-ын удирдлагуудын зүгээс уг асуудлаар ТЕГ болон цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагууд богино хугацаанд шалгаж, иргэдийн эргэлзээг тайлсан бодит мэдээлэл өгнө гэдэгт итгэж байна.

2. Сонгуулийн дүнг хакердах бус, сонгуулийн дүнг хакердана гэж бусдад итгүүлэх замаар залилан мэхлэх гэмт хэрэгтэй ижил гэмт хэргийг 2013, 2017 онд хийж байсан 4 этгээд энэ мэдээллийг явуулсан байна гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас өнөөдөр өгсөн. Холбогдох байгууллагаас өгч буй мэдээллээс үзэхэд дээрх асуудал нь залилан мэхлэх шинжтэй гэмт хэргийг үйлдэж буй нэр бүхий этгээдүүдийн асуудал гэдэг нь тодорхой байна. 

3. УИХ болон орон нутгийн сонгуулийн саналын хуудсыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий компани хэвлэсэн гэдэг мэдээллийг олон нийтэд цацсан. Энэ нь илт бусдыг дайрч, доромжилсон мэдээлэл. Энэ мэдээллээр дамжуулаад онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн үйл ажиллагаа болсон. Иймд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зүгээс нийслэлийн МАХН-ын нийслэлийн сонгуулийн хорооны дарга гэх Э.Эрдэнэжамъяанд холбогдуулж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Саналын хуудсыг хэвлэсэн хоёр компани нь Д.Амарбаясгалантай ямар ч хамааралгүй" хэмээлээ.

Мөн тэрээр 2012 оноос хар машиныг ашиглаж ирсэн. Санал тооллоготой холбоотой олон маргаан гардаг ч батлагдсан баримт нэг ч байдаггүй. Мөн хар машиныг хэрэглэх хугацааны шат шатны сонгуульд МАН-аас өөр нам олонхын санал авч ялсан тохиолдол цөөнгүй байдаг. Энэ нь хар машин ямар ч асуудалгүйг нотолж байна гэдгийг онцлон хэллээ.

Мөн "УИХ-ын 2020 оны сонгуультай холбоотойгоор нэр дэвшигчдээс гаргасан гомдлын хүрээнд төрийн албан хаагчдыг дайчлаад төсвийн олон зуун сая төгрөгөөр нэр дэвшигчдийн хяналт дор хяналтын тооллого хийсэн. Энэ тооллогын дүн зөрөөгүй. 

УИХ-ын сонгуульд олонх болж чадаагүй намууд орон нутгийн сонгуульд эгэл жирийн гишүүдийнхээ дургүйцлийг төрүүлж, өөрсдийнхөө үнэт зүйл, үзэл баримтлалаа уландаа гишгэсэн байдалдаа дүгнэлт хийхийн оронд сонгуулийн дүн будлиантах нь, 7 дугаар сарын 01-н давтагдах нь гэх мэтээр олон нийтийг үймээн самуунд өдөөн хатгаж, турхирч байгаад МАН-ын зүгээс буруушааж байна. 

Сонгуульд өрсөлдөж байгаа намууд хэн нэгнийхээ нэр төрд халдан гүтгэсэн, иргэд сонгогчдыг төөрөгдүүлсэн худал мэдээлэл түгээхээ зогсоохыг АН, МАХН-аас шаардаж байна" хэмээлээ.