МАН-ын 28 дугаар Их хурал энэ сарын 20-21-нд болно. Тус Их хуралтай холбоотойгоор МАН-ын анхан шатны байгууллагын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МАН-ын гишүүн, "Цэгцрэх хөдөлгөөн"-ий Ерөнхий зохицуулагч П.Өлзийнаран "Намын анхан шатны байгууллагын гишүүд нь иргэдийн амьдралыг хамгийн сайн мэддэг хүмүүс байдаг. Тэр ч утгаараа Их хуралд оролцож, намынхаа удирдлагуудад дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Жирийн иргэдийн амьдралын үнэн бодит төрх, тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн асуудлыг Их хурлаар хэлэлцэж, цаашид намын хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах нь зүйтэй юм" гэдгийг онцлон хэллээ.

Мөн тэрээр "Өмнөх Их хурлуудад намын дэмжигч анхан шатны байгууллагын төлөөллүүдийг оруулна гэж бага хурлаар шийдвэрлэдэг ч санхүүгийн хамаарал зэрэг олон зүйлээс шалтгаалаад хэрэгждэггүй байсан. 

Тиймээс энэ удаагийн Их хуралд иргэдтэй ойрхон байдаг анхан шатны байгууллагын төлөөллүүдийг оролцуулахыг хүсч байна. Бид энэ тухай хүсэлтээ намын Их хурлыг зохион байгуулагчдад хүргүүлнэ" хэмээв.