МАН-ын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдсан. Тус хуралдааны дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрлээ.

Засгийн газар, яам, агентлаг зэрэг төрийн төв байгууллагаас гаргаж буй шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй байх тухай тус хуулийн төслийг энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцэнэ. Тиймээс намын бүлэг уг асуудлаар хуралдлаа.

Засгийн газраас өргөн барьсан тус өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэт өргөн хүрээтэй байна. Монгол Улсад Захиргааны шүүх байгуулагдснаар хүний эрхийг хангах, албан тушаалтнуудын дур зоргоороо авирлах байдлыг хязгаарлах, хянах чиглэлд том дэвшил гарсан. Тиймээс үүнийг өөрчилж болохгүй. Харин тодорхой хягаартай хүрээнд энэ хуульд өөрчлөлт оруулж болно гэж манай намын бүлэг үзлээ.

Энэ нь зөвхөн УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу гаргаж буй Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй байх нь зөв юм. Энэ нь бидний 2 жил ярьсан Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор, Монголын ард түмний язгуур эрх ашигтай холбоотой асуудал дээр УИХ-ын гаргасан шийдвэр холбоотой гаргасан Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй. Бусад Засгийн газрын шийдвэр, сайд, агентлаг, орон нутгийн удирдлагуудын шийдвэрийг Захиргааны шүүх өмнө нь хянадаг хэвээрээ явсан нь зүйтэй гэж бүлэг үзсэн. Уг асуудлаар УИХ-аар хэлэлцэх явцад ийм байдлаар шийдэх нь зүйтэй гэдгийг хэлэхээр тогтлоо" хэмээн ярилаа.