Шинэ Засгийн газрын тэргүүн өнөөдөр 11:00 цагаас товлогдсон МАН-ын Бага хурлаар тодорно. Өчигдөр орой эхэлж дөрвөн цаг гаруй үргэлжилсэн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчдээ эцэслэн шийдэж чадаагүй юм. Удирдах зөвлөлөөс Бага хурал руу Ерөнхий сайдад нэр дэвших хоёр хүний нэрийг оруулахаар талууд тохирсон байсан юм. Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан талаас У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэвшүүлэхээр санал болгосон бол хотын фракцаас Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлэх санал илэрхийлжээ. Ө.Энхтүвшин гишүүн Ерөнхий сайдад нэр дэвших сонирхлоо өнгөрсөн долоо хоногийн сүүлээр албан ёсоор илэрхийлээд буй. Түүнээс гадна Удирдах зөвлөлийн хурал дээр нэр нь яригдсаар байсан ч саналаа ил тод илэрхийлээгүй өнөөг хүрсэн Н.Энхболд гишүүн Ерөнхий сайдад нэр дэвших хүсэлтэйгээ дуулгасан байна. Засгийн газрыг огцруулах талд гарын үсэг зураагүй тал Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын хэнийг нь нэр дэвшүүлэх тал дээр эцсийн тохироонд хүрэлгүй тарцгаажээ. Удирдах зөвлөлийн хурал бухимдал, маргаан дунд өрнөж, 22.30 цагийн үед завсарласан гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Шөнөдөө Бага хурлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн хуралдаж, өнөөдөр 10.00 цагаас МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулахаар тохироотойгоор Удирдах зөвлөлийн хурал завсарласан байна. МАН-ын Бага хурал Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийн дараа хуралдах учраас товлосон цагаасаа хоцорч эхэлж магадгүй байгаа юм.