Нийслэлийн ногоон бүсийн зусланд төдийгүй, хүн амын нягтрал ихтэй хотын төв хэсэгт зэрлэг амьтад орж ирэх нь ихэсчээ. Тухайлбал могой, өмхий хүрнэ зэрэг амьтад элбэгшсэн аж. Үүнтэй холбоотойгоор дуудлага ч нэмэгдсэн байна. Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газрын экологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн М.Амгалангаас тодрууллаа.

-Хотын хаанаас могой голдуу олдож байна вэ?

-Өнгөрсөн 7 дугаар сард могойтой холбоотой дуудлага нэлээн нэмэгдлээ. Тухайлбал орон сууцны хонгил, Амгалан орчмын байрны хүүхдийн тоглоомын талбай, Е Март худалдааны төвийн хажууд могой байсан талаар манайд дуудлага ирсэн. Мөн хөдөө явж ирээд машиныхаа копуданд нь могой байхыг олж хараад бидэнд дуудлага өгсөн тохиолдол бий. Могойнууд нь зарим нь хортой, хоргүй янз бүр байна. Үүнийг мэргэжлийн хүмүүс л харж танина. Ер нь барихад төвөгтэй амьтан. Зарим тохиолдолд дуудлагаар очиход жижиг нүх сүв рүү орчихдог.

Байрны гаднаас олдсон могой

-Могойг хортой эсэхийг хэрхэн таних вэ?

-Ямар ч могойг харсан даруйд барьж авах гэж оролдож огтхон ч болохгүй. Энэ тохиолдолд Нийслэлийн шуурхай удирдлагын 310005, Нийслэлийн Байгаль орчны газрын 323780 дугаарын утсаар хүлээн авдаг. Хэрэв могойнд хүүхэд хатгуулвал амь насаа ч алдах эрсдэлтэй.  Учир нь биеийн жин хэмжээ бага тул могойн хор маш хурдан хугацаанд хүчтэй тархдаг тул эцэг эхчүүдэд могой байршдаг хад асгатай газраар явахгүй байхыг сануулж байна.

-Өмхий хүрнэ ч суурьшлын бүсэд орж ирж байгаа гэсэн. Ямар хөнөөлтэй амьтан бэ?

-Өмхий хүрнэ зуслангийн байшингийн суурь, гэрийн шалны дор байрласан гэсэн дуудлага ирсэн.Энэ амьтан хүчтэй өмхий үнэртэй шингэн ялгаруулдаг төдийгүй элдэв төрлийн шимэгч бүүрэг, галзуу болон тарваган тахал зэрэг өвчний халдвар тээдэг. Ер нь хотжилтын нөлөөгөөр тухайн амьтдын амьдрах орчин жилээс жилд хумигдаж, тэжээлийн хомсдол гэх мэт олон шалтгаанаар суурьшлын бүсэд орж ирэх, үүрээ засах явдал ихсэж байна. Эдгээрээс тухайн зүйл амьтны тоо толгой цөөрөх, экосистемийн тэнцвэрт байдал алдагдахаас гадна хотын иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл үүсэх аюултай.