“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2 511 000 иргэн эзэмшдэг. Эдгээр хувьцаа эзэмшигч “Ногдол ашгаа бэлэн мөнгөөр авъя” цахим бүртгэлийн аяныг санаачлан хэрэгжүүлж буй. Энэхүү аяны талаар 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны Ажлын албаны дарга М.Алзахгүйтэй ярилцлаа. 

-1072 хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа бэлэн мөнгөөр авахаар нэгдэн аян өрнүүлж эхэлсэн байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 15 орчим хувийг иргэд эзэмшдэг. 2017, 2018 онд тус компани 1.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Харин  2019 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Ингээд тооцохоор тус компани сүүлийн гурван жилд маш өндөр ашигтай ажилласан нь харагдана. Тиймээс 1072 хувьцаа эзэмшигчид нэгдэж нийлээд хувьцааны ногдол ашгаа бэлэн мөнгөөр авна гэдэг уриалга гаргаснаас хойш 60 гаруй мянган хүн 1072.мн вэбсайтаар цахим  гарын үсгээ илгээн бүртгүүлсэн байна. Гарын үсгийг цаасан дээр цуглуулаад явахад цаг хугацаа их орно. Зардал ч ихтэй. Тиймээс бид цахим шийдлийг гаргаж 1072 хувьцаагаа бэлэн мөнгөөр авах хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа юм.

Одоогоор бүртгүүлсэн иргэдийн 51 орчим хувь нь Улаанбаатар хотоос үлдсэн 49 хувь нь хөдөө, орон нутгаас хандсан байна. Алслагдсан хөдөө орон нутгийн зарим малчдаас эхлээд интернэт ашигладаггүй хүмүүс цөөнгүй бий. Тэгэхээр интернэт ашиглаж, вэбсайт руу ороод үзэл бодлоо илэрхийлэх боломжтой хүмүүс одоогоор түлхүү хандаад байна гэсэн үг. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 2019.12.10-нд  ногдол ашиг олгох чиглэл өгснөөс хойш 1072.мн сайтад өдөрт мянга мянган иргэн хандаж ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах хүсэлт тавьсаар байна.

Мөн “1072 хувьцаа” фэйсбүүк групп байгаа. Энэ группт 320 орчим мянган хүн нэгдсэн. Судалгаа хийхэд, группийн гишүүдийн 70 хувь нь ногдол ашгаа бэлэн мөнгөөр авахыг, үлдсэн 30 хувь нь компанийн санхүү, хөрөнгө оруулалтын тухай мэдээлэл авахыг хүссэн байсан. Тэгэхээр 300 гаруй мянган хүний 70 орчим хувь буюу 200 гаруй мянга нь ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах саналыг илэрхийлсэн байгаа юм. Тэгэхээр нийгмийн маш том давлагаа болсон цахим аян үргэлжилж байна. 

-Цахим аянд нэгдэхийг хүссэн иргэд www.1072.mn сайтад хэрхэн бүртгүүлэх вэ?

-Хүмүүс фэйсбүүкээр “авъя, авъя” гээд коммент хэлбэрээр бичсэнээр судалгаанд хамрагдахгүй. Заавал 1072.мн вэбсайт руу орж овог нэрээ, утасны дугаартайгаа бичиж цахим гарын үсгээ илгээснээр ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах хүсэлт нь баталгаажиж байна гэсэн үг. 

-Хувьцаа эзэмшигчдээс ирсэн саналыг нэгтгэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлэх үү. Хэзээ хүргүүлэх вэ?

-Аян сар шинийн баяр хүртэл үргэлжилнэ. Компанийн тухай хуулиар санхүүгийн жил гарснаас хойш 50 хоногийн дотор компани хуралдаж ногдол ашиг өгөх эсэх шийдвэрээ гаргах ёстой. Бид “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-д албан шаардлага хүргэж байгаа. Энэ шаардлагад нэн тэргүүнд ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах, хоёрдугаарт ТУЗ-ийн хурлыг нээлттэй ил тод явуулах үүднээс судлаач, эрдэмтэн болон 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны төлөөллийг оролцуулж, нээлттэй хэлэлцэхийг шаардаж байна. Ийм үндсэн хоёр агуулгатай албан бичиг хүргүүлээд байгаа. 

-УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа эзэмшигчдэд 2019 оны компанийн ашгаас ногдол ашиг хуваарилах тухай шийдвэр гаргаж, үүнийг Засгийн газар болон холбогдох компанид үүрэг болгосон. Энэ ажлын явц аль шатанд байна вэ?

-Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар 2019 оны ногдол ашгийг олгох чиглэлийг Засгийн газарт өгсөн. Үүнээс гадна хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг идэвхжүүлэх, хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцох эрхийг нь нээж өгөх зэрэг чиглэлүүдийг Өргөдлийн байнгын хорооноос гаргасан. Гэвч Засгийн газраас ямар нэгэн хариу өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. 

Байнгын хорооны шийдвэртэй холбоотой шийдэл гаргаагүй. Үүнээс харахад, Засгийн газар УИХ-ын байнгын хорооны үгэнд орохгүй байна. УИХ Засгийн газрыг томилдог. Гэтэл нэг сайд төрийн эрх барих дээд байгууллагынхаа үгэнд орохгүй, өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй байна. Бид Өргөдлийн байнгын хорооноос гарсан шийдвэрийн дагуу ногдол ашгаа өг гэдэг шаардлагыг шат дараатайгаар тавиад явж байна. Цаашлаад бусад байнгын хороодод хандаж илүү том цар хүрээтэйгээр тэмцлээ бид үргэлжлүүлэх болно.

-Ногдол ашиг олгох ажил хаана гацчихаад байна гэж харж байна вэ? 

-Манай холбоо жилийн өмнө байгуулагдсан. Байгуулагдсан даруйдаа 2017, 2018 оны цэвэр ашиг болох 1.2 их наяд төгрөгөөсөө нэгж хувьцаанд 84 төгрөгийн хувьцаа олгох шаардлагыг хүргүүлж, жагсаал цуглаан болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан. Харин 2019 тавдугаар сарын 31-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас бичиг ирсэн. Уг бичигт Компанийн тухай хуулийн дүрэмд заасны дагуу ногдол ашгийг ТУЗ, хувьцаа эзэмшигчид хуралдаад шийдэх эрхтэй. Бид ногдол ашгийг төмөр замын байгуулалтад оруулж байгаа тул ногдол ашиг олгохгүй гэдэг хариу хүргүүлсэн. Бид бүтээн байгуулалтыг эсэргүүцээгүй. Харин иргэдийн эзэмшиж буй 15 хувьд ногдол ашиг олгохыг л шаардаж байгаа. Энэ жилийн хувьд ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах шаардлага өгсөн. Өнгөрсөн долоо хоногт сайд Д.Сумъяабазар сайд сар шинээс өмнө ногдол ашиг олгох асуудлыг шийдвэрлэнэ гэдэг хариултыг хэлж байна. Энэ бүхнээс үүдээд дүгнэж хэлэхэд, Д.Сумъяабазар сайд ногдол ашиг өгөх дургүй байна. 

-Ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр тарааснаас болж төгрөгийн ханш унах, ам.долларын ханш нэмэгдэх зэрэг хор уршигтай гэж зарим эдийн засагч хэлж байсан. Иргэд ногдол ашгаа бэлэн мөнгөөр авснаар ийм эрсдэл эдийн засагт үүсэх үү?

-“Эрдэнэс Тавантолгой” Монголд байгаа олон мянган компанийн нэгэн адил Компанийн тухай хуулиар зохицуулагддаг. Өнөөдөр Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд жил болгон ногдол ашиг хуваарилж, бэлэн мөнгө тарааж байна. Энд мөнгө хэвлэж эсвэл гаднын зах зээлээс өр тавьж, зээл авч үүнийг олгодоггүй. Компани тухайн бүтэн жилийнхээ орлого, зарлагаа дүгнэж татварын дараах ашгаас ногдол ашиг тараана. 

Зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг инфляц өсөх, төгрөгийн ханш сулрах тийм эрсдэл 1072 хувьцааны ногдол ашиг тарааснаар эдийн засагт үүсэхгүй бид үзэж байгаа. Ногдол ашиг бол сонгуулийн амлалт биш. Энэ бол Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн компанийн үүрэг шүү дээ. Нэмж хэлэхэд энэ ханшийн өсөлтийн шалтгааныг товч тайлбарлая. Валютын ханш эрэлт нийлүүлэлтээр тогтдог. Ам.долларын эрэлт их бол ханш өснө, нийлүүлэлт их бол ханш унана гэсэн үг. Эрэлт нь ам.долларын гарах урсгал юм. Жишээ нь бараа таваар худалдан авалт, зээл төлөх, төгрөг хэвлэх нь төгрөгийн ханшийг сулруулна. Харин нийлүүлэлт нь ам.долларын орох урсгал бөгөөд энэ нь экспорт, гадаадын хөрөнгө оруулалт, гадаадаас валютын зээл авах, тусламжаас хамаарна. Харин 1072 хувьцааны ногдол ашгийн цаад эх үүсвэр нь экспортоос олсон орлого бөгөөд валютаар баталгаажсан гэсэн үг. Тэгэхээр валютын ханшийн өсөлтөд нөлөөлөхгүй.